Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд УИХ, Засгийн газар, тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллага дэд болон орлогч даргагүй байна хэмээн заасан. Тэгвэл энэ заалттай холбоотойгоор гишүүд үзэл бодлоо илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "100-гаас дээш хүнтэй байгууллагад дэд, орлогч дарга байх ёстой. Монголд дэд дарга нар нь илүү мэргэжлийн талдаа байдаг. Үүнийг харгалзан үзэх нь зөв болов уу" гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Засгийн газрын агентлагуудыг цар хүрээ, хүн хүчээр нь ангилж болоогүй юм уу. Манайд 4,000 хүнтэй агентлаг байгаа. Энэ байгууллага огт орлогчгүй байх нь. Харин 40 хүнтэй жижиг агентлагт орлогч, дэд дарга байх шаардлагагүй. Жишээ нь, Улсын бүртгэлийн ерөнхий газар 1,200 албан хаагчтай. Орлогчгүй болохоор энэ газрын дарга нь өвдөж ч болохгүй болох нь. Бүх газрыг дэд, орлогч даргагүй болгочихвол Засгийн газрын үйл ажиллагаа олон газраа доголдоно шүү" гэлээ.