Бээжин хотын эрх баригчид Шанхай хэв маягийн хөл хорионоос татгалзан омикрон хувилбарын шинэ дэгдэлтийг зогсоохоор 20 сая орчим оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар болжээ.
Бизнес төвүүд болон гадаадын элчин сайдын яамд байрладаг Чаоян хотын бүх оршин суугчдыг тав хоногийн хугацаанд гурван шатны шинжилгээнд хамруулах бөгөөд эхний шинжилгээг даваа гарагийн өглөө эхлүүлжээ.
Даваа гарагийн 20:00 цагийн байдлаар бараг 3.7 сая шинжилгээ хийгдсэнээс хагас сая гаруй нь сөрөг гарсан гэж хотын албаны хүмүүс шөнө хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Албаны хүмүүс мөн мягмар гарагт их хэмжээний туршилтыг нийслэлийн 21.5 сая хүн амын 19.5 сая орчимд нь хийж, захын таван дүүргээс бусад бүх дүүрэгт шинжилгээгээ өргөжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Бээжин хотын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Сюй Хэжянь Бээжингийн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хүчин чармайлт "эгзэгтэй байдалд” байна гэжээ. Баасан гарагаас хойш Бээжинд омикрон хувилбарын нийт 80 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын ачаалал харьцангуй бага хэвээр байгаа ч эрх баригчид, ялангуяа Шанхай дахь омикроны дэгдэлт хэдэн арван мянган шинэ тохиолдол болж хурдацтай тархаж байгааг харсны дараа эрсдэлд орохгүйн тулд шуурхай арга хэмжээ авч байгаа нь энэ юм.
Бээжингийн найман дүүргийн нутаг дэвсгэрт байрлах олон арван орон сууцны хороолол аль хэдийн хатуу хөл хорионд орсон бөгөөд оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглосон байна. Албаны хүмүүс оршин суугчдыг онцын шаардлагагүй бол, тэр дундаа удахгүй болох тав хоногийн амралтын үеэр хотоос гарахгүй байхыг уриалав. Энэ жилийн бямба гаригт эхлэх "Хөдөлмөрийн баярын өдөр" нь уламжлал ёсоор Хятадад бүх нийтээр аялдаг чухал үе хэдий ч цар тахалтай холбоотойгоор хүмүүсийн аялах хүсэл буурсан байх гэж найдаж буй аж. Бээжин мөн соёлын тоглолт, спортын арга хэмжээ, үзэсгэлэн болон томоохон цугларалттай холбоотой бусад арга хэмжээ, бүх шатны сургалтыг түр зогсоожээ.
Эх сурвалж: CNN News