2017-2022 оны хооронд БОАЖЯ болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран гадаадын буцалтгүй тусламжаар “Хог хаягдал уур амьсгалын өөрчлөлт бүсийн төсөл” хэрэгжүүлээд явж буй. Энэхүү төсөл дээр 400 мянган долларын төсөв гаргасан байна. Уг төслийн агуулга нь хог ангилах системийг сайжруулахад чиглэсэн гэж хэлж болох юм. Гэтэл та бидний мэдэж байгаачлан Улаанбаатарт байгаа хогийн цэгүүд хэзээ ч ангилах системээр хогоо ялгадаггүй. Өөрөөр хэлбэл 400 мянган долларын төсөвтэй төсөл ямар ч үр дүнгүй салхинд хийссэн гэсэн үг.
Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Гаднын төсөл мөнгө манайхаар дамжиж явагдаж байна гэсэн үг. Хэрэгцээ шаардлагагүй зүйл дээр шүү дээ. “Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт бүсийн төсөл” дээрх 400 мянган доллар одоо үрэгдээд дуусаж байна. Манайх өнгөрсөн таван жилийн хугацаанд 400 мянган доллараар хогоо ангилж хаяад бүтцийн хувьд өөрчлөлт хийгээд, цэгцэлчихсэн байх ёстой шүү дээ. Бодит үр дүн ямар байгаа билээ. Бүгд мэдэж байгаа. Хог хаягдал ангилах байтугай хог хаягдлын бүдүүвчийг гаргаагүй байгаа. Бид хариуцлагатай албан тушаалтан дээр хариуцлага тооцно” гэв.
Харин бид хог ачилтын ажилтнаас хог хаягдлыг ангилаагүйн үүднээс ямар хүндрэл учирдаг талаар тодрууллаа. Ажилтны мэдээлж буйгаар, “Миний хувьд энэ ажилд ороод удаагүй байна. Гэхдээ их хэцүү. Энэ өндөр машин дээр савтай задгай хаясан хог ачна гэдэг амаргүй шүү дээ. Савалж шуудайлаагүй болохоор салхи шуургатай үед ачна гэж байхгүй. Ачсанаасаа илүү хог нь буцаад тарж байгаа юм. Пошктой хогийг энэ өндөр рүү нэг нь дээрээс нь авдаг. Доороос нь өргөөд даахгүй байгаа юм. Мань мэт нь жолооч биш адилхан ачигч болоод явж байна. Ангилдаг болчихвол гудманд хог бага. Ачсан ч амар шүү дээ. Задгай хийсээд заваараад байхгүй. Бидний ажил ийм л хүнд. Хүн харсан ч гэсэн шороон царайлаад. Улаан үнсэн дотор явж байгаа юм чинь. Болгоомжтой байхгүй бол осолтой юм билээ. Бүх зүйл бахь байдгаараа л байна. Олон жил л ийм нөхцөлтэй байсан” гэлээ.
Түүнчлэн бид 400 мянган долларын төсөвтэй төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох “Asian foundation”-ийн мэргэжилтэн н.Энхболдтой холбогдож, үр дүнгийн талаар, энэ мөнгийг юунд зарсан талаар тодруулахад, “Мэдээлэл өгч болох ч даргаасаа зөвшөөрөл авна. Манай дарга гадаад хүн байдаг. Одоогоор уулзалттай байна. Албан хүсэлт явуулах юм бол тэрэнд нь тааруулаад буцаад хариу өгч болно гэж байна” гэсэн юм.
Үр дүнгээ өгөөгүй, их хэмжээний мөнгийг буцалтгүй тусламж нэрээр авч, “идсэн” байж болзошгүй асуудлын талаар бид эргэн мэдээлэх болно.