УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Зөрчлийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн төсөл. Энэ хоёр хуулийн төслийг дэмжих нь зөв гэдэг бүлгийн шийдвэр гарсан. Гол нь энэ хууль нэлээд том хууль учраас УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллах шаардлагатай гэж үзсэн.
Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой хууль, тогтоолын төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Энэ дотор Төсвийн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй нэг тогтоол бий. Энэ бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргахтай холбоотой асуудал байсан. Энэ тогтоолын өнөөдрийн бүлгийн хурлаас нухацтай хэлэлцлээ.
Энэ нь Улаанбаатарын түгжрэлийг бууруулахтай холбоотой асуудал учраас нийслэлийн удирдлагуудыг байлцуулан LRT төслийн талаарх танилцуулгыг сонслоо.
Ингээд бүлгээс LRT төслийн дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ. Төсвийн тодотголыг дагалдуулан яаран шийдэх асуудал биш учраас.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргахтай холбоотой тогтоолын төсөлд хөнгөн галт тэрэг буюу LRT төсөл, Тавантолгойн дулааны цахилгаан станцын асуудал байгаа. Энэ хоёр том төсөл дээр бүлгээс ажлын хэсэг гарган Засгийн газартай хамтран ажиллая гэж тогтлоо” гэв.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийслэлийн түгжрэлийг шийдэх шаардлагатай гэдэг дээр гишүүд 100 хувь санал нэгдэж байгаа. Энд төсөв танасан асуудал ямар ч хамаагүй. Харин төсөвт өртөг, үйлчилгээний үнэ тариф, цаашдын хөгжлийн асуудалтай холбоотой олон зүйл бий.
Энд зөвхөн нэгдүгээр ээлжийнх нь төсөл яригдаж байгаа. Нийтдээ гурван ээлжийн төсөлтэй, 49 км урт замтай холбоотой асуудал учраас дахин сайтар ярилцах шаардлагатай гэж үзсэн.
Түүнээс биш хот, хөдөөгөөрөө ялгараад, орон нутгаас сонгогдсон гишүүд бидний хөрөнгө оруулалтын хассан гэдэг байдлаар хандсан зүйл огтхон ч байхгүй гэдгийг хэлье" гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Бид төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тэгэхээр юуны өмнө тулгамдаад байгаа төсвийн тодотголоо эхлээд хэлэлцье гэж байгаа юм.
Өрийн таазын тухайд учиргүй их хэтрээд байх зүйл байхгүй. Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төсөлд болзошгүй нөхцөл байдлын талаар тусгасан байсан.
Энэ тогтоолын төсөл хууль зөрчөөгүй учраас Засгийн газраас өргөн барьсан. Төсвийн байнгын хорооны дарга байр сууриа илэрхийлсэн байх. Энэ төслийг явуулах улс төрийн шийдэл гаргахын тулд бид ойлголцох хэрэгтэй байна" гэж хэллээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ асуудлыг улс төр, хууль зүй, санхүүгийн болон нийслэлийн иргэдийн хүрээнд авч үзэх ёстой. Энэ дөрвөн асуудлыг тус бүрд судлах шаардлагатай. Энэ ажлыг Засгийн газар болон ажлын хэсгийн түвшинд 14 хоногийн хугацаанд судлаад шийдэл гаргаад дахин оруулж ирнэ" гэж онцоллоо.