Монголдоо импортын ногооноос хамааралгүй хүлэмжийн аж ахуй эрхэлж дотооддоо ногоо тариалах боломжтой эсэх талаар Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралттай ярилцлаа.
-Импортын ногооноос хамааралгүй байх боломжтой юу? Дотооддоо 100% ногоогоо тариалаад хүнсээ хангах боломж бий юу? Жилийн дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэхэд ямар асуудал тулгардаг вэ?
Ер нь Монгол орны нөхцөлд жилийн дөрвөн улиралд өдөр бүр өглөө бүр шинэхэн жимс ногоо тариалж болох уу гэвэл болно. Ганцхан байр сав, өвлийн хүлэмжээ барих ёстой. Хүлэмжийн аж ахуй гэдэг бол хамгаалагдсан хөрсний аж ахуй. Зарим хүмүүс ийм хүйтэнд Монголд ногоо тарина гэж байхгүй гэж ярьдаг л даа. Хүний амьдрал, ногооны амьдрал хоёр адилхан амьд организм учраас адилхан юмыг шаардана. Жишээ нь дулаан дээр ярих юм бол 330 хэдэн суманд эмнэлэг байгаа, сургууль байгаа тэнд цэцэрлэг ч байгаа. Өвөл болдог уу болдог. Бид суурин амьдралд шилжсэнээс хойш монголчууд энэ 300 гаруй сум 21 аймагт нүүрс нь олдоцтой, хямд нам даралтын зуухаар өвлийг даваад л явж байгаа. Тэгэхээр өвлийн хүлэмжүүдийг байгуулаад нам даралтын зуухаараа халаагаад эсвэл сая Засгийн газар өвлийн улиралд шөнийн цагт цахилгааны төлбөрийг хөнгөлнө гэсэн дэмжлэг туслалцаатайгаар бид цаашдаа өвлийн хүлэмжүүдийг олноор байгуулах хэрэгтэй. Ялангуяа нарийн ногоог янз бүрийн тээврээр зөөгөөд лангуун дээр хэд хонуулаад байх биш шинээр нь л хэрэглэх ёстой.