Шанхай хотын удирдлагууд Ковид-19-тэй тэмцэн хатуу хөл хорион дэглэм баримталж байгаа билээ. Тэгвэл уг арга хэмжээнийхээ хүрээнд хамгийн сүүлийн үеийн харгис хэрцгий гэмээр арга хэмжээ авч оршин суугчдыг гадагш гарахыг нь зогсоохын тулд байшингийнх нь эргэн тойронд төмөр хаалт, хашаа суурилуулжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр тус хотын 26 сая оршин суугч нь хатуу ширүүн, тодорхойгүй хорионд бухимдаж эхлээд байна.
Твиттертэй төстэй Weibo платформ дээр нэгэн хэрэглэгч "Тэд биднийг гэрт маань шатааж магадгүй" гэж уг байгууламжууд галын аюулгүй байдлыг огтхон ч тооцоолоогүй гэдгийг нь шүүмжлэн бичжээ.
BBC-ийн мэдээлснээр эрх баригчид хотын ихэнх хэсэгт төмөр хашаа суурилуулж "хатуу хөл хорио”-нд оруулжээ. Өнгөрсөн пүрэв гаригт Шанхайд амьдардаг гадаадын иргэнээс түүний орон сууцны хороололд хашаа барьсан талаарх мэдээллийг BBC агентлагт өгсөн ярилцлагадаа онцлон дурджээ.
Бямба гарагт хотын янз бүрийн хэсэгт байрлах хашааны зургийг харуулсан алдартай Weibo постыг 6500 гаруй удаа нийтэлж, 18000 лайк цуглуулжээ. "Битүүмжилсэн хэсгийн хүмүүс ямар байгааг хар л даа? Зүрх өвдөж байна!" гэж зургуудыг оруулсан хэрэглэгч бичжээ.
Шанхай хотод гуравдугаар сарын сүүлчээс эхлэн Ковид-19-ийн тохиолдол огцом нэмэгдэж байгаа тул хатуу хөл хориог эхлүүлсэн. Эрх баригчид нөхцөл байдлыг оновчтой зохицуулж чадахгүй байгаа учраас олон нийтийн уур бухимдал нэмэгдэхийн зэрэгцээ хот даяар хоол хүнсний хомсдолд орж эхэлснээр тэвчээр нь барагдаж эхэлжээ.
Маргаантай байгаа хэдий ч Хятадын эрүүл мэндийн албаныхан "динамик" "тэг Ковид" бодлогыг баримталж байна. Энэ нь кластерууд гарч ирэх бүрт хөл хорио, масс туршилт, аялалын хязгаарлалт тавина гэсэн үг юм.
Ням гарагт тус хотод 16983 шинж тэмдэг бүхий тохиолдол бүртгэгдсэн бол 2472 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн талаар Шанхай хотын эрүүл мэндийн комиссоос мэдээллэв.
Эх сурвалж: Business Insider