Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны 175 мянган хүүхэд байдаг гэсэн статистик бий. Гэтэл сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллага буюу цэцэрлэгийн тоо 674 байгаагийн ердөө 276 нь төрийн өмчийн цэцэрлэг. Эдгээр 276 цэцэрлэгийн нэг цэцэрлэг нь 250-275 хүүхэд хүлээн авах чадалтай гэж тооцвол 70 мянга орчим хүүхэд цэцэрлэггүй үлдэж буй. Тэдгээр хүүхдүүдийн 50 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдана гэж тооцох юм бол 35 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа юм.
Улсын хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад 270 гаруй цэцэрлэг шаардлагатай. Энэ хэмжээний цэцэрлэгийг богино хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх гаргалгааг гаргажээ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар 100 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тавиад өгье. Та бүхэн тодотголоо хийгээд 100 тэрбумаа босго. Тэгээд 200 тэрбумын багц арга хэмжээний хүрээнд есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалаа байхгүй, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгоё. Энэ бол 2022 онд багтаан хийх ажил шүү. Шаардлагатай бол 2023 онд нэмж төсөв тавиад өгье. Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг иж бүрэн шийдье" гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс залуу гэр бүлээ дэмжих үүднээс Засгийн газраас дорвитой бөгөөд даацтай шийдвэр гаргасан. Хотын иргэд хурдацтай өсөн нэмэгдэхийн хэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага болоод ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ хангамжийн асуудал тулгамдаж байдаг. Нийт боловсролын байгууллагуудын 53 хувь нь Улаанбаатарт байдаг. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газартай нэг бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулах учиртай. Бодлогын хувьд нэгдмэл шийдэлгүй явж ирсэн явдлыг Л.Энх-Амгалан сайдтай нэгдмэл болгохоор ойлголцон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, боловсролын асуудалд хот, яам хоёр салаа үзүүргүй, давхар санаагүй хамтран ажиллаж буй юм.
Нийслэлийн хэмжээнд 57 байршилд ачаалал өндөртэй дүр зураг харагдаж байгаа. Бид БШУЯ болон мэргэжилтнүүдтэй ачаалал өндөртэй цэцэрлэгүүдэд онцгой анхаарахаар ярилцсан.
Ялангуяа дөрөв хүртэлх насны хүүхэдтэй залуу эцэг эхчүүдийг ажиллаж, хөдөлмөрлөх боломжоор хангах юм. Ерөнхий сайд төсвийн тодотголоор хөрөнгө шийдэж өгөхөө амласан. Хүүхдийг сугалаагаар цэцэрлэгт хамруулна гэдэг XXI зуунд байж боломгүй. Ирээдүйн монгол хүнийг бэлтгэх, төлөвшүүлэхэд нийслэл болоод Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг хуваан гаргахаар болсон гэлээ.