Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар долоон сартай хүүхдийн зүрхний хүнд хэлбэрийн төрөлхийн гажгийг бие даан эмчилжээ.
Тодруулбал, Судсан дотуурх оношилгоо эмчилгээ, Зүрхний судасны мэс засал, Зүрхний эмгэг судлал, Мэдээгүйжүүлгийн эмч нарын хамтарсан Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн судсан дотуурх эмчилгээний баг энэ сарын 22-ны өдөр уушгины артерийн хавхлагын хүнд хэлбэрийн нарийслыг судсан дотуур баллоноор тэлэх эмчилгээг долоон сартай хүүхдэд бие даан амжилттай хийлээ.
Зүрхний төрөлхийн гажгийн улмаас хүүхдийн уушгины артерийн хүнд хэлбэрийн нарийслаас шалтгаалсан баруун ховдлын даралт ихсэж, мэс заслын өмнө 80 mmHg байсан. Харин эмчилгээний дараа 40mmHg болтол бууруулж чаджээ.
Уушгины артерийн хавхлагын нарийсал нь баруун ховдлын даралт ихсэх зэрэглэлээс хамаардаг хүнд зэргийн төрөлхийн зүрхний эмгэгүүдийн нэг. Энэхүү баллон катетер ашиглан тэлэх эмчилгээ нь орчин үед эрчимтэй хийгдэж буй дэвшилтэт эмчилгээ юм. Нээлттэй мэс засалтай харьцуулахад эмчлүүлэгчид сорви үлдээдэггүй, эмнэлэгт хэвтэх хугацаа, хөнөөл багатай эмчилгээний арга тул өвчтөнд үзүүлэх ачаалал харьцангуй бага гэдгээр давуу талтай.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам