Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр боллоо. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар хүрэл медалийн төлөө Японы Рикүто Арайд эцсийн мөчид ялагдаж, тавдугаар байр эзлэв.
97 кг-ын жинд Ө.Батзул мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр шигшээ барилдаанд 2015 оны Азийн аварга, Ираны Мохаммадхоссейн Мохаммадиантай хүч үзэж 0:11-ээр ялагдснаар хоёр дахь удаагаа тивдээ үзүүрлэв. Ө.Батзул гурван жилийн өмнө нь Шианьд болсон Азийн аваргад анх удаа финалдахдаа мөн л Ираны алдарт бөх Реза Язданид ялагдаж байлаа.
Азийн бөхийн холбооноос "Мехико-1968" олимпийн наадмын хүрэл медальт, ардын багш гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, "Мехико-1968" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш Д.Сэрээтэр, "Монреаль-1976" олимпийн мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт А.Энхээ, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн нарт хүндэтгэл үзүүлсэн. Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгч Кеннет Ли, ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нар байлцав.