Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар олон улсын уралдаанд нэр дэвшиж, тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс шилдгүүдийг тодруулдаг "Bravo" шагнал гардуулах ёслолд "Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин"-ны номинацид нэр дэвшиж, нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон байна.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Баярт мэдээг дөнгөж сая хүлээж авлаа. Өмнө нь 2018 онд манай нэрт дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм" гэжээ.
"BraVo” шагнал нь нийтийн ба мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнадаг аж. Сонгон шалгаруулалтад уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоор бусад шагналаас ялгаатай аж.
Дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ. Тухайн үед багшийнхаа амилуулсан дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан удаатай. Өнгөрсөн 2018 онд "Авьяаслаг монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байв.