БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хөвгүүдийн хамтлагийн 2019 оны хит “Boy With Luv” дууны “YouTube” платформ дахь хандалт 1.5 тэрбум давсан талаар “Big Hit” энтертайнмент мэдээлжээ.
Энэхүү дууны хандалт нь өнгөрсөн оны 11 дүгээр сард 1.4 тэрбумд хүрснээсээ хойш таван сарын дараа энэхүү амжилтад хүрчээ. Ингэснээр “BTS” хамтлагийн уран бүтээлүүдээс ийм өндөр хандалт авсан анхны клип нь болж байна.
Америкийн дуучин, дуу зохиогч Хэлситэй хамтран бүтээсэн “Boy With Luv” дуу 2019 оны дөрөвдүгээр сард цацагдсан бөгөөд тус хамтлагийн “Map of the Soul: Persona.” хэмээх зургаа дахь мини цомогт багтжээ.
Цацагдсан даруйдаа “Billboard” шилдэг 100 дууны жагсаалтын наймдугаарт бичигдсэн энэхүү дуу нь найман долоо хоног дараалан “Billboard”-ын жагсаалтад багтсан байна.
Ташрамд дурдахад, долоон гишүүний бүрэлдэхүүнтэй “BTS” хамтлагийн 36 дууны клип нь 100 саяас дээш хандалт авчээ.