УИХ үргэлжлүүлэн 2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Амарсайхан уншиж танилцуулав. Тэрбээр “Засгийн газраас 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулж Төрийн хяналтын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай, ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчилсан.
Тус хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр дараах зохицуулалтын хүрээнд нийт 39.1 тэрбум төгрөг хэмнэнэ. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн хүнсний гол бараа бүтээгдэхүүний гааль, НӨАТ-аас он дуустал чөлөөлөх хуулийн төслийг боловсрууллаа.
Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө орон нутагт бизнес эрхлэгч, хувь хүн, ААН-үүдийг дэмжиж ажиллах зохицуулалтыг тусгасан.
2022 оны төсвийн жилээс Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутаг дахь ЕБС, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехникийн коллеж, театр, музей, номын сан, сумын соёлын төв зэрэг байгууллагын байрны үйлчилгээний албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог.
Тиймээс салбар бүрийн ажилчдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх түүнтэй уялдсан цалин хөлсийн бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан. Тиймээс үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагад харьяалагддаг байхаар хуулийн төсөл болон 2022 оны Төсвийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг тусгасан” гэж онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.