Эх дэлхийн өдрийг тохиолдуулан нийслэлийн усны салбарын тулгамдсан асуудлыг холбогдох талуудын оролцоотойгоор хэлэлцэж, цаашид баримтлах бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлох зорилго бүхий “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Нийслэлийн Ерөнхий Архитетор Н.Нацагдорж УБ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус хангамж, инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлтийг танилцууллаа.
Тэрбээр "Хотын үерийн ус зайлуулах шугамууд маш их муудсан. Ус зайлуулах шугам 153 км байдгаас 30 жилээс дээш насжилттай 92,7 км шугам байгаа буюу тэдгээр нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт бороо орохоор л зам, талбайд ус их хэмжээгээр бий болдгийг бүгд мэднэ. Тиймээс засаж янзлах, шинээр байгуулах ажлуудыг шат дараатай хийнэ. 2040 он гэхэд 270 км үер далангийн шугам барина, зам талбайгаас борооны ус зайлуулах 464 км шугам, хөрсний ус зайлуулах 82 км шугам байгуулахаар төлөвлөөд байна.
Дэлхийн томоохон хотуудын жишгээр Туул голоос сувагчлаад нийт 57 км-ээс хотын урд хэсэгт 11 км сувагчлах төслийг хийж байна. Ийнхүү тогтмол урсацтай болохоор усан зам, моторт завины тээврийг хөгжүүлэх боломжтойгоос гадна, усан буудлыг байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хотын барилгажсан хэсэгт агаарт өгөх чийгшлийг нэмэгдүүлэх давуу талтай. Хуурайшихын хэрээр орох хур тунадасны хэмжээ ч багасдаг, өвөл ч багасах үзэгдэл гарах болсон.
Нийслэлд 229 булаг, 38 нуур, 19 рашаан бий. Нуур, цөөрөм гэх мэтээр чийгшил өгөх байгууламжуудыг нэмэх шаардлагатай байна" гэлээ.