Украины Харьков хотын иргэн Виктор Губарев талх худалдаж авах гэж яваад орон сууцныхаа урд унасан тэсрэх бөмбөгний хэлтэрхийд өртөж амиа алджээ. Тэдний амьдарч байсан Зөвлөлтийн үед баригдсан орон сууцны хороололд болсон дэлбэрэлтийн дараа аврах багийн гишүүд Виктор Губаревийн цогцсыг охин Яна Бачект таниулсны дараа цогцос хадгалах газар руу авч явсан байна.
Харьков хот дахь Reuters агентлагийн гэрэл зурагчин Алкис Константинидис энэхүү уй гашуут явдлыг дурандаа буулгажээ. Англи хэлний багш Яна Бачект бөмбөгдөлт болох үед гал тогооныхоо өрөөнд онлайн хичээлдээ бэлдэж байсан гэжээ.
"Би дэлбэрэлтийг санаж байна. Тэр үед ээж Любовь маань чичирсэн хоолойгоор намайг дуудаж, аав нь талх авахаар явсан ч орж ирсэнгүй. Утас руу нь залгасан ч хариу өгөхгүй байна гэж хэлсэн” гэжээ. Яна тэр даруй гадуур хувцсаа өмсөн гарч, аавынхаа цогцсыг орцноосоо холгүй байхыг олжээ.
ОХУ-ын Украиныг цэрэггүйжүүлж, "цэвэршүүлэх" зорилготой гэж мэдэгдэн эхлүүлсэн түрэмгийлэл нь Украины олон сая иргэнийг эх орноосоо дүрвэхэд хүргэж, олон зуун мянган хүний аминд хүрч, гэмгүй охид, эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болоод буй билээ.
Киев болон түүний барууны холбоотнууд энэ дайныг ОХУ-ын Украин руу дайрах, энэ улсыг эзлэх гэсэн хуурамч шалтаг хэмээн мэдэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Aljazeera