Олон Улсын Валютын Сангаас 4-р сард шинээр нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд инфляц дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болсныг онцоллоо.
Хэдий тийм ч инфляцын хүлээлт дунд хугацаанд харьцангуй тогтвортой байхаар байна. Хөгжингүй орнуудад богино хугацаанд буюу ойрын нэг жилд инфляц өснө гэсэн хүлээлт өндөр байгаа ч дунд хугацаа буюу гурван жилд инфляц тогтворжино гэсэн хүлээлт хэвээр байгаа юм. Хөгжиж буй орнуудын хувьд ОХУ, Украины дайн эхлэхээс өмнө үүнтэй төстэй дүр зураг ажиглагдаж байжээ. (Зураг 1).
Энэхүү статистик үзүүлэлтээс төв банкууд сүүлийн саруудад мөнгөний бодлогоо хатууруулж, олон нийтийн харилцаагаар дамжуулан зах зээлд үр дүнтэй дохиог өгсөн нь хүлээлтийг удирдах, дунд хугацааны инфляцын огцом өсөлтийг хязгаарлахад хангалттай байсныг илэрхийлж байна.
ОУВС-ийн шинэ төсөөллөөр инфляц 2022 онд хөгжингүй орнуудад дунджаар 5.7%, хөгжиж буй орнуудад 8.7% байна. Энэ нь өмнөх буюу 1-р сард гаргасан таамаглалаас 1.8-2.8 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Үүнд ОХУ, Украины дайн гол нөлөө үзүүлээд байна. Түлш шатахуун, хүнсний үнийн өсөлт нь хөгжингүй орнуудад инфляц өсөх гол шалтгаан болжээ (Зураг 2).
Инфляцын хүлээлт гэж юу вэ?
Эдийн засгийн стандарт загваруудад “Инфляц = Хүлээлт + Үйлдвэрлэлийн зөрүү” гэх тэгшитгэлээр инфляцыг тодорхойлдог бөгөөд дунд, урт хугацаанд үйлдвэрлэлийн зөрүү 0 байх (үйлдвэрлэлийн зөрүү нь бодит ба потенциаль үйлдвэрлэлийн ялгаа бөгөөд дунд урт хугацаанд бодит үйлдвэрлэл нь потенциаль түвшиндээ хүрснээр зөрүү 0 болно) дунд урт хугацаанд ) тул инфляц нь хүлээлтээр тодорхойлогддог гэж үзэж болох юм. Иймд ялангуяа дунд, урт хугацааны хүлээлт тогтвортой байх нь ирээдүйд инфляц тогтвортой байх чухал суурь нөхцөл болдог байна. Төв банкууд дунд, урт хугацаанд хүү болон ханшид нөлөөлөх хэрэгсэлгүй тул инфляцын хүлээлтийг удирдах нь мөнгөний бодлогоор инфляцад нөлөөлөх гол хэрэгсэл болдог байна.