Төрийн үйлчилгээний бага албан тушаалын ажиллагсад буюу ТҮ 1-3 дахь шатлалаар цалинждаг хүмүүсийг гэрээт хэлбэрээр ажиллуулж, төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай шийдвэр нэлээн хэл үг болж, олон хүнийг бухимдуулсан. Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн С.Чинзориг тайлбар өглөө.
Тэрбээр "Намрын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллахад иргэдээс энэ асуудлыг шүүмжилж, төрийн үйлчилгээний бага албан тушаалтнуудын нийгмийн баталгаа алдагдах эрсдэлтэйг олон хүн хэлж байсан юм.
Тэгвэл эл асуудал нааштайгаар шийдэгдэж ТҮ 1-3-ынхныг хувийн хэвшилд шилжүүлэхээ больж, 2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцааж улсын төсвөөс олгодог байх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.
Түүнчлэн ТҮ 1-3-аар цалинждаг төрийн албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон" гэлээ.