Алдарт хөлбөмөгчин Кристиано Роналдогийн найз бүсгүй Жоржина Родригес ихрүүдээ төрүүлэх үед нэг нь эндсэн талаараа Инстаграм хуудастаа нийтэлсэн. Тэдэнд тохиолдсон уй гашууг хүмүүс хуваалцаж байгаа билээ. Харамсалтай нь олон нийт амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, зулбалтын сэтгэлзүйн сөрөг нөлөөллийн талаар олон нийт маш бага ойлголттой байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Нялх үрээ алдсан тухай нийгэмд маш ховор яригдаж байгаа нь ийм сэдэв бараг л “хориотой зүйл” болж, эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэхийн оронд гашшудаж буй эхнэр нөхрүүдийг хөндийрүүлж байгаа гэхэд болно.
Энэ талаар “Сэндс” буяны байгууллагын захирал Жен Коутс, "Эцэг эхийн амьдрал шинэ төрсөн хүүхдээ алдсанаас болж эргэлт буцалтгүй өөрчлөгдөж байгаа ч, гашуудалтай гэр бүлийнхэн нь хүртэл буруу зүйл ярьж магадгүй. "Ядаж" гэж хэлж буй нь үнэхээр буруу. Энэ нь нэг ихэр нас барж, нөгөө нь мэнд үлдсэн тохиолдолд ихэвчлэн хөндөгддөг. "Ядаж" гэж байхгүй ёсгүй. Тэдний хүүхэд нас барсан, энэ нь л өөрөө маш аймшигтай зүйл" гэлээ.
Харин түүний ярьсан зүйлтэй “София” эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ники Ригиелски санал нэгдэв. Тэрбээр, “Хүүхэд жирэмсний аль ч үе шатанд эндсэн бай эцэг эхийнх нь амьдрал эргэлт буцалтгүй өөрчлөгддөг. Ирээдүйд хэдэн хүүхэдтэй болохоос үл хамааран тэдний хүсэн хүлээсэн хүүхэд хэзээ ч "солигддоггүй". Хэрэв та гашуудалтай эцэг эхчүүдэд сэтгэлийн дэмжлэг үзүүлэх гэж байгаа бол эндсэн хүүхдийнх нь талаар ярихаас бүү ай. Тэдэнд алдагдсан бяцхан үрээ багтаасан шинэ хэвийн байдлаа олоход нь тусал" гэжээ.
2020 онд Англид 2231 амьгүй төрөлт, дутуу төрөлттэй 733 хүүхэд эндсэн байна.
2010 онд алдсан охиныхоо нэрээр нэрлэсэн Лили Мэй сангийн үүсгэн байгуулагч Эми Жексон, "Хүүхдээ алдах нь өвөрмөц “туршлага” боловч ойр дотны найз эсвэл хамаатан саднаа алдахад мэдэрдэг ердийн уй гашуунаас ялгаатай" гэжээ. Эцэг эхчүүд насан туршдаа алдсан боломж, хүүхэдтэйгээ хийхээр төлөвлөж байсан дурсамждаа харамсаж амьдардаг аж. Лили Мэйг эндсэний дараа Жексоны байгуулсан буяны байгууллага эцэг эхчүүдэд үнэт зүйлсийг нь хадгалах санах ойн хайрцаг хийхэд тусалдаг.
Дөнгөж төрсөн охиноо алдсан Каллипатейра Мурхаус сангийн үүсгэн байгуулагч Бен Мурхаус "Хүүхдээ алдах нь эцэг, эхийн хувьд сүйрэл болдог. Гэхдээ аавуудаас илүү ээжүүдэд хүмүүс илүү анхаардаг. Гашуудаж буй аавуудыг мартагдчихдаг" хэмээн хэлсэн юм. Уй гашууд автсан ч бас л анхаарлын гадна орхигддог хүмүүс бол эмээ, өвөө нар. Тэд ач, зээгээ алдаад зогсохгүй үр хүүхэд нь хүүхдүүдээ алдсанд давхар шаналж байдаг.
Алдарт хөлбөмбөгчний гэр бүлд тохиолдсон явдал, түүнийгээ бусадтай хуваалцаж байгаа нь олон нийтэд энэ хүнд сэдвийг хүлээж авах, хүүхдээ алдсан гэр бүлийн уй гашууг хуваалцах зөв алхам болж байгааг сэтгэлзүйчид онцолж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian