Патрик Лиоя АНУ-ын Мичиган мужид цагдаагийн суманд амиа алдсан явдлыг эсэргүүцэн гэмгүй иргэнийг буудаж аминд нь хүрсэн цагдаад хариуцлага хүлээлгэхийг шаардсан жагсаал болж байна.
Задлан шинжилгээгээр Патрик Лиояг газар унасан байхад нь АНУ-ын Мичиган мужийн цагдаагийн ажилтан дагзанд нь буудсан болохыг гэр бүлийнх нь өмгөөлөгчид баталжээ.
Мягмар гарагт гаргасан Детройт мужийн эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь Детройтоос баруун хойд зүгт 240 км (150 миль) зайд орших Мичиган мужийн Гранд Рапидс хотын цагдаагийн даргын өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн видео бичлэгт үзүүлсэнтэй таарч байгаа аж. Задлан шинжилгээний албан ёсны дүгнэлтийг олон нийтэд зарлаагүй байна.
Болсон явдлыг тодруулбал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаас гаралтай 26 настай залуу дөрөвдүгээр сарын 4-нд Гранд Рапидс хотод цагдаагийн ажилтан машинаасаа буухыг шаардан, шалгасны дараа амиа алдсан юм. Лиоя цагдаагийн ажилтантай тэмцэлдэж буй нь эргүүлийн цагдаагийн энгэрийн камерт бичигдэж үлджээ. Лиоягийн Өмгөөлөгч Бен Крамп мягмар гарагт "Энэхүү бие даасан задлан шинжилгээний тайлан нь энгэрийн камерийн бичлэг дээрээс бидний харсан зүйлийг баталж байна" гэж мэдэгдэв. Зэвсэггүй Патрик Лиоя толгойд нь сум тусах хүртэл эрүүл ухаантай байсан гэж түүний гэр бүлийн өмгөөлөгч хэлжээ.
Лиоягийн амийг шалтгаангүйгээр хөнөөсөн нь АНУ-д хар арьст хүмүүсийн эсрэг цагдаа нарын хүчирхийллийг зогсоохыг уриалж, жагсаал цуглаан зохион байгуулахад хүргэсэн нь 2020 онд "Хар арьстны амьдрал ч чухал" олон нийтийн эсэргүүцлийг ахин өдөөлөө. Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар тус хэрэгт хамаатай цагдаагийн багийн машины хяналтын самбар, түүний биед зүүсэн камер, мөн тухайн үйл явдал болсон хэсэгт орших байшингийн хяналтын камераас авсан хэргийн дүрс бичлэгийг олон нийтэд дэлгэсэн юм.
Энгэрийн камерийн бичлэгт бороотой гудамжинд машинаасаа бууж буй Лиоя эргэлзсэн байдалтайгаар "Би юу хийсэн бэ?" гэж асуух бөгөөд түүний хариуд эргүүлийн цагдаа түүнээс дахин дахин жолооны үнэмлэхийг нь асууж, машинд буцаж орохыг тушаадаг.
Лиоя жолоочийн талын хаалгыг хаагаад, түүнийг агаж явсан цагдаагийн гарыг нь гавлах гэсэн оролдлогыг эсэргүүцэн холдохыг оролдож, ойролцоох зүлгэн дээр ноцолдож байгаа зэрэг нь бичлэгнээс харагдах аж.
Түүний ар гэрийнхэн нь хүүг нь шалтгаангүйгээр буудан хөнөөсөн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байгаа юм.
Лиоягийн аав Питер Лиоя өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд хэлэхдээ "Миний хүүг энэ цагдаагийн ажилтан амьтан шиг хороож байгааг хараад зүрх минь шархалж байна. Би шударга ёсыг нэхэж, Патрикийн төлөө шударга ёс тогтоохыг хүсч байна" гэжээ. Гранд Рапидс хотын цагдаагийн албаны хүмүүс уг офицерыг захиргааны чөлөөнд гаргаж, Мичиган мужийн цагдаад уг хэргийг шалгуулахаар илгээсэн байна.
Эх сурвалж: Aljazeera