Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах асуудлыг танилцуулж байна.
- Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,
- Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
- Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
- Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана.
- Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,
- Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан болно.
Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, Спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгалаа.
Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдах юм.
Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголт бүхий бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ.