Афганистаны нийслэл Кабул хотын хөвгүүдийн сургуульд хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан талаар албаныхан мэдээллээ.
Дэлбэрэлт тус хотын баруун хэсэгт орших шиа шашинтнууд давамгайлдаг Абдул Рахим Шахид ахлах сургуульд болсон байна. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа аж. Мөн тус сургуулийн ойролцоох сургалтын төвийг гранатаар дэлбэлжээ.
Эхний мэдээллээр Абдул Рахим Шахидын сургуульд амиа золиослогч этгээдүүд халдлага үйлдсэн байж магадгүй гэж таамаглаж байсан ч Кабулын цагдаагийн төлөөлөгч Халид Задран хэлэхдээ гар хийцийн тэсрэх бөмбөгийг сургуулийн гадаа үлдээсэн байсныг тогтоосон гэжээ.
Ройтерс агентлаг нэрээ нууцалсан албаны хүнээс эш татан, дэлбэрэх төхөөрөмжийг үүргэвчинд хийж, нэгийг нь сургуулийн хаалган дотор дэлбэлсэн гэж мэдээллээ.
Дэлбэрэлт болох үед оюутнууд өглөөний хичээлээ тараад явж байсан гэж нэгэн гэрч Франс Пресс агентлагт ярьжээ.
Халдлага болсон газар буюу Дашт-е-Барчи нь лалын шашинт хазарууд голдуу байдаг тул “Лалын улс” бүлэглэлийн халдлагын бай тэд болсоор ирсэн. Хазарууд бол угсаатны болон шашны цөөнх бөгөөд тэднийг тэрс үзэлтнүүд гэж үзэн ялгаварлан гадуурхах нь элбэг байдаг.
Өнгөрсөн жил Талибанчууд засгийн эрхийг гартаа авсны дараа Исламын бүлэглэлийн халдлага буурчээ. Сүүлийн хэдэн жил IS бүлэглэл Афганистанд шиа шашинтнуудын эсрэг кампанит ажил явуулж спортын ордон, соёлын төв, боловсролын газрууд зэрэг объектуудыг бөмбөгдсөний улмаас олон хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: BBC News