Эдийн засгийн нөхцөл байдал, засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар эдийн засагч С.Дэмбэрэлтэй товч ярилцлаа.
-Ерөнхий сайд шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж, үнийн өсөлтийг хязгаарлах хуулийг УИХ-аар батлууллаа. Үнийн өсөлтийн хуулийн төслийг хэр оновчтой гэж харж байгаа вэ? Та өөрийн твиттер хуудаснаа “Би одоо ерөнхий сайдад зөвлөхөд бэлэн байна” гэж жиргэж байсан.
-Товчхон хэлэхэд, Шинэ сэргэлтийн бодлогыг яг нарийн мэдэхгүй. Миний харснаар бол эдийн засгийн нийлүүлэлтийн тал дээр 90 хувь нь анхаарсан. Гэтэл эдийн засаг гэдэг нийлүүлэлтээс гадна эрэлт гэдэг зүйлийг тэнцвэртэй авч явах хэрэгтэй болдог. Эрэлт гэдэг нь компаниудын хэрэглэх хөрөнгө оруулах, мөнгөө үрэх сонирхол. Экспортын зөрүү эдийн засгийнхаа эрэлт талыг тодорхойлдог, макро эдийн засагт.
Үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн тухайд, нийт эдийн засгийн эцсийн хэрэглээнийх нь 70-аад хувь нь Монгол улсын 900-аад мянган өрх бүрдүүлж байгаа.
Энэ өрхүүд аль болох их зарцуулж байвал эдийн засгийн идэвхжил бий болж, эрэлт үүснэ. Инфляцыг тодорхойлдог 300 бүтээгдэхүүнээс гурван бүтээгдэхүүний үнэ дээр л ажиллахад үнэ тогтворжиж чадах уу. Манай бизнес эрхлэгчдийн 90 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт хийх ямар сэдэл байна тэрийг л хийх хэрэгтэй. Хяналт шалгалтыг багасгавал бизнес орчин талаасаа энэ бол бодит хөнгөлөлт болно. Хэрэв санхүүжилтийг тийм нөхцөлд бий болгож байгаа юм бол тэр хамрагдаагүй үлдсэн бизнес эрхлэгчдэд ямар нөхцөл бий болгох юм.
Миний өгөх зөвлөгөө бол ББСБ-уудыг бараг банк байдлаар, төр тэдэнтэй хэлэлцээр, гэрээ хийх замаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд жижиг дунд үйлдвэрийн сангаас шуурхай бизнесийн эргэлтийн зээл өгөх. Яагаад гэвэл 2020, 2021 оны ч тэр эдийн засгийн өсөлтийг хараарай. 2020 оны 3 улирал хасах, 2021 оны 1 улирал нь 0, 2021 оны гурван улирал хасах, нэг улирал нь бараг л тэг. Жилийн эцсийн дүнгээрээ 2021 онд 1.6 хувийн өсөлттэй. Монголын эдийн засаг зургаан улирал дараалан агшиж байна.
Олонх бизнесүүд идэвхжиж байж эдийн засаг агшилтынхаа шатнаас дэвшилтийнхээ шат руу орно.
Нийт оролцогчдынхоо, нийт өрхүүдийн олонх нь зарцуулалт хийх, хөрөнгө оруулалт хийх сонирхлыг өдөөж, сэдэлжүүлж чадвал эдийн засаг өснө. Азийн хөгжлийн банк, Монгол банк 2022 оны эдийн засгийн өсөлтийг 2,5 хувиар тооцоолсон. Өрхийн хэрэглээ эдийн засгийн өсөлт дээр 2,3 хувь оруулах төсөлд нь сөрөг байна. Дээр нь экспорт, импортын зөруу буюу цэвэр экспорт буюу худалдааны бодит балансыг бодит өсөлтийг эдийн засгийн өсөлтөд оруулахад бас сөрөг байна гэсэн.
-Таны хувьд нийт бизнесүүдийг салбар харгалзахгүйгээр дэмжиж байж эдийн засаг идэвхжинэ гэж үзэж байна. Нөгөө талдаа мөнгөний хүүг 2,5-аар өсгөөд 9 хувьд хүргэхээр бизнес эрхлэгчдэд зээл олдох байдал нь хумигдах болов уу. Магадгүй тэр нь нөгөө талдаа банк бусын зах зээлийг идэвхжүүлж, банк бусаас өндөр хүүтэй зээл авахад хүргэж болзошгүй. Эдийн засгийг арай өөрөөр яаж идэвхжүүлэх вэ?
-Их хурлаас эхлээд Монгол банкийг нохойд барьдаг мод шиг тал талаас нь дайрдаг болсон байна. Тэнд агуу их мэдлэгтэй эдийн засагч сууж байдаг юм шиг. Тэд бодлогынхоо хүүг багасга, ханшаа алдчихлаа, инфляцаа алдчихлаа гээд. Ингээд байвал нөгөө олон хүний төв банканд итгэх итгэл саармагжиж эхэлдэг.
Мөнгөний бодлого яаж явагддаг гэдгийг ойлгодог хүмүүс уг нь дуугарах ёстой. Бодлогын хүүг нэмэгдүүлбэл дохио болж очно. Монгол банк гэдэг байгууллага хүүгээ өсгөөд уналаа. Хүү өсөх нь, зээл олдохгүй нь гэж бодно. Арилжааны банкууд зээлээ хумьж эхэлнэ. Гэтэл бид уг нь эсрэг зүйл яриад байна. Яагаад Монголбанк мөнгөө эдийн засагт нийлүүлж байгаа мөнгийг багасгав. Зээл багасна гэдэг нь мөнгөний нийлүүлэлт багассан гэсэн үг. Нийт мөнгөний нийлүүлэлтийг харахад 2020 онд багассан. 2021 онд бол арав гаруй хувь л байгаа. Ингээд бодохоор шууд нийт мөнгөний нийлүүлэлт өсөнгүүт инфляц өсдөг гэсэн гэнэн талын ойлголт биш. Гэхдээ инфляц бол мөнгөний үзэгдэл мөн үү мөн. Тийм учраас Монгол банк гэдэг байгууллага инфляцыг барих дунд хугацааны зорилтоо УИХ-аар батлуулаад, зургаа нэмэх, хасах хоёр гэсэн төвшинд барина гээд, үүнийгээ мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээрээ дамжуулан энэ инфляцын бидний, ард түмний, бизнес эрхлэгчдийн хүлээлтийг зургаа нэмэх, хасах хоёр гэсэн аргамжаа дотор өөрсдийн үйл ажиллагаагаар итгүүлэхийг боддог.
-Таныг энэ талаар ярьж байхад асуухад манай төв банк уг нь бол статусын хувьд хараат бус ажиллах ёстой. Гэтэл яг одоогийн нөхцөлд хараат бус ажиллаж чадаж байна уу?
-Чадахгүй байна. Хараат бус байдлыг алдагдуулж байна. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Олон улсын валютын сан өмнө нь хэлж байсан, одоо ч хэлж байна. Төв банкны хууль гэж байдаг. Тэнд цагаан дээр хараар “Төв банк Засгийн газраас хараат бус байна” гээд биччихсэн байгаа. Зорилго нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах буюу инфляц. Гэтэл ханш байршсан мөнгө гэж их загнаж байна. Ханшийг төв банкны хуульд, ханш чөлөөтэй бөгөөд бодитой байна гэдэг. Аливаа зүйлийн үнэ буюу ханш нь хэзээ чөлөөтэй бөгөөд бодитой байдаг гэхээр зах зээлд л байдаг. Өөрөөр хэлбэл Монгол улс ханшийн зохицуулалттай хөвөх дэглэмтэй бөгөөд өөрөөр хэлбэл, ажилладаг механизм нь, тэндээ банк хоорондын зах дээр ханш чөлөөтэй бөгөөд бодитой тогтож байдаг. Үүнийг зарладаг нь Монгол банк. Үүнийгээ албан ханш гэж төөрөгдүүлдэг. Монгол банк тогтоодог биш. Аливаа зүйлийг маш болгоомжтой хийхгүй бол төв банкны хараат бус, бие даасан байдалд халдах, өөрөөр хэлбэл зорилго нь тодорхой байхад өөр зүйл хүсэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцох явдал сүүлийн үед эрс нэмэгдсэн байна. энэ сайн зүйлд хүргэхгүй.