Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлнэ гэж заажээ. Үүний дагуу иргэнд "Мэдэгдэл хүргэх систем"-ийг танилцуулж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
"Мэдэгдэл хүргэх систем" ашиглалтад орсноор иргэн өөрийн мэдээлэлд ямар байгууллагаас, хэзээ хандсаныг мэдэх, хянах боломж бий болох юм. Өөрөөр хэлбэл, төрд буй таны мэдээллийг ямар байгууллагаас шилжүүлж ашигласан талаар мэдэх боломжтой.
Дээрх мэдэгдэл "E-Mongolia" системийг ашигладаг иргэн бүрд автоматаар очих аж. 2021 онд төрийн байгууллага хооронд нийтдээ 511 сая удаа мэдээлэл солилцжээ.
Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, "Миний ямар мэдээлэл төрд, хувийн хэвшилд байна вэ гэдгийг иргэн мэдэх, өмчлөх бүрэн эрхтэй. Тийм учраас "Мэдэгдэл хүргэх систем"-ийг нэвтрүүлж байна. Мэдэгдлийг "E-Mongolia"-аар дамжуулан хүргэх юм. Тиймээс иргэд "E-Mongolia" аппликейшнаа шинэчлэн татсанаар энэхүү системийг ашиглах боломжтой.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай багц хуульд ялын бодлогыг чангатгаж оруулж өгсөн байна. Тухайлбал, мэдээлэл хариуцаж байгаа байгууллагад шийтгэл оногдуулах, мэдээлэл алдсан ажилтанд 5-10 жилийн хорих ял оноохоор тусгасан.
Иргэд дэлгүүр, гоо сайхны салон гэх мэтээр маш олон газар өөрийн дахин давтагдашгүй өгөгдлийг үлдээсэн байгаа. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч энэ мэдээллийг устгах ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа" гэв.