“Бизнес өрөг” нэвтрүүлэг ээлжит дугаараараа Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэгтэй ярилцлаа.
Зочин хөтлөгч:
- “Infinite solution”, “Nest education IT school” ХХК-захирал Б.Габит
- “Call Pro” ХХК, “Lime” апп-ийн үүсгэн байгуулагч, захирал Г.Тулга
Голомт банкны нээлттэй технологийг ашиглаж бизнесүүд хэрхэн тэлж болох талаар, банкны IT инженерүүд ямар хөгжүүлэлт дээр ажилладаг, нээлттэй платформ бизнес модель ямар давуу талтай талаар ярилцсан ярилцлагын онцлох хэсгүүдийг хүргэж байна.
“ПРОГРАММ ХӨГЖҮҮЛЭГЧЭЭС МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ХҮРТЭЛ 13 ЖИЛ ГОЛОМТ БАНКАНДАА АЖИЛЛАЖ БАЙНА"
-Ярилцлагынхаа эхний хэсэгт таны карьерын түүхийг сонсмоор байна. Та КТМС-ийг төгсөөд шууд Голомт банканд ороод хэрхэн өгсөж IT-ийн захирал болсон бэ?
-Би 2004 онд КТМС-ийг төгссөн. Сурч байхдаа КТМС-ийн зургаан багш үүсгэн байгуулсан IT суурьтай компанид оюутан байхаасаа ажилласан. 2004 онд сургуулиа төгсөөд үргэлжлүүлж ажиллаж байгаад, 2005 онд Голомт банканд орсон. Голомт банканд ажиллаж байгаад 2009 онд Голландад магистр хамгаалахаар явсан. Магистр хамгаалчхаад “Гадаадад ирсэн юм чинь ажлын туршлага авах нь зөв байх гэж бодож Австралид очиж ажилласан. Австралид дөрвөн жил IT чиглэлээрээ ажиллаж байгаад буцаад 2013 онд Монголд ирээд Голомт банканд үргэлжлүүлэн ажилласан. 2013 оноос хойш удирдах чиглэлийн албан тушаалд хэлтсийн захирал, газрын захирал, одоо бол мэдээлэл технологи хариуцсан захирал гэдэг албан тушаал эрхэлж байна.
-Анх Голомт банканд ямар ажлын байран дээр орж байсан бэ?
Анх програм хөгжүүлэгчээр орж байсан. Програмаа хөгжүүлж байгаад 2009 онд гадагшаа явахад 40 орчим програм хөгжүүлсэн байсан, тухайн үедээ. Миний хөгжүүлж байсан програмыг намайг явахад гурван хүн хүлээж авч байв.
-Ганцаараа хийж байсан ажлыг уу?
-Одоогийн програм хөгжүүлэгчид манай IT-г арай ойлгодоггүй. Яагаад гэвэл тухайн үед програм хөгжүүлэгч бүх зүйлээ хийдэг байсан. Өгөгдлийн сангийн, системийн шинжээч, системийн админы ажил гээд бүгдийг хийдэг байсан. Одоо бол системийн админ, сүлжээний админ гээд ялгаад явчихсан. Хүн залуудаа аль болох олон зүйлийг мэдэж авч байвал өөрт хэрэгтэй байдаг. Жишээлбэл, өнөөдөр манай мэдээллийн технологийн хэсэгт 30 гаран албан тушаал байна. Тухайн үед тэнд дөрөв, тавхан л албан тушаал байдаг байсан. Хийдэг агуулга, цар хүрээ нь томорч байгаа ч чиглэлүүд нь ижилхэн. Тэр дөрөв таван өөр мэргэжил, албан тушаал дээр байсан хүмүүс саяын 30 ажлыг хийдэг байсан болж таарах гээд байна. Нэг бодлын их давуу талтай.
“АЧААЛАЛ ИХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙСАН Ч НАДАД ЮУ ҮЛДЭХ ВЭ ГЭДГИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ. ЗАЛУУ ДЭЭРЭЭ ИХ ЗҮЙЛ СУРААД АВАХ НЬ ЧУХАЛ”
-Их ачаалалтай ажилладаг байсан гэсэн үг үү?
-Маш ачаалалтай. Намайг сурахаар явахад миний ажлыг дөрвөн хүн хувааж авч байсан байна. Гэхдээ миний бодлоор хүн залуу байхдаа маш их зүйлийг сурч авах ёстой. Тэр нь дараа нь хэрэг болдог. Ачаалал, энгийнээр хэлбэл ямар ч хүнд тулгарч байгаа саад бэрхшээл, зовлон энэ бүгдээс заавал нэг зүйл аваад үлдэх ёстой. Туулж байгаа зүйлээсээ надад юу үлдэх ёстой вэ гэдгийг л хүмүүс харах ёстой юм шиг санагддаг. Энэ бодлоороо нэлээн олон зүйл авч үлдсэн болов уу гэж боддог.
-Тэр ачаалалтай ажил дундаас сугарч гарч магистрт сурахаар явсан байна. Бид яг нэг газартаа байсаар дараагийн төсөл, одоо үүний ард гарчихвал гээд нэг мэдэхэд тав, арван жил өнгөрчихсөн. Сурахаа хойшлуулсан байдаг болчихдог?
Яг тэгээд больчих дөхсөн шүү. Тухайн үед би англи хэлэндээ их тааруу байсан. Би Хөвсгөлд 10 жилээ төгссөн. Оюутан байхад янз бүрийн шалгалт өгөхөөр англи хэлэн дээрээ л дандаа уначихна. Математик нь болоод байдаг. Тэгсэн хэрнээ Америк явъя гээд бодчихсон. Хэл сурахдаа 100 хувь төвлөрч чадахгүй ч ямар ч ажил хийсэн түүнийгээ байнга бодож явдаг байсан юм шиг байгаа юм. Үүнээс юу ойлгосон гэвэл хүн нэг зүйлийн холыг хараад зорилго тавьсан байх хэрэгтэй. Түүндээ хэзээ нэгэн цагт очно гэдэг сэтгэлгээтэй л байх ёстой. Тийм тохиолдолд ямар нэгэн зүйл хийж байхдаа зорилгодоо хэрэгтэй зүйлээ уусгаж авч байдаг. Би тухайн үед байнга алхдаг байсан. Алхах үедээ юм сонсоно, өөрийгөө дүгнэнэ. Тэгж өдөр тутамдаа бага багаар цаг гаргаж яваад л хэлэндээ сайжирч чадсан.
-Та Монголд технологийн зүйлс хийхэд шинэ байна, амархан байна, боломж их гэж байна. Австралиас ирээд яагаад өөрөө технологийн компани байгуулалгүй, буцаад Голомт банкандаа ажиллахаар болсон бэ?
Магистраа төгсөөд, Австралид ажиллаж байхдаа би нэг л зүйлд итгэлтэй болсон. Би бол дундаж хүн. “Монгол хүн бол чаддаг юм байна. Гадаадад байгаа google, facebook -т ажиллаж байгаа хүмүүс яг л ижилхэн юм байна. Би юм хийж чадах юм байна” гэдэг итгэл үнэмшилтэй болсон. Тэр нь ганц IT-ийн код бичдэг биш. Ер нь л амьдралаа аваад явчих юм байна. Шинэ санаа гаргаж болох юм байна. Монголдоо ирээд магистр хамгаалсан мэргэшил, өгөгдөл дээр ажиллах хүсэл байсан юм. Тухайн үед Монголд их өгөгдөл дээр ажилладаг компаниуд нь дата төв, Е- Монголиа, банк л байсан. Сурсан зүйлийнхээ хэргийг гаргах гээд буцаад банкандаа орсон доо.
-Банкны IT гэхээр ямар хөгжүүлэлт хийдэг вэ? Бидний ойлголтоор гаднын олон улсын аюулгүй байдлыг маш сайн хангасан системийг түрээслээд, түүнийгээ өөр өөрсдийнхөөрөө хөгжүүлэлт хийдэг гэж ойлгодог. Магадгүй бид хоёрын ярилцлагыг үзэж байгаа банканд IT-ийн чиглэлээр сураад инженер, програм хөгжүүлэгч болох гэж байгаа залуус банканд орвол юу хийдэг гэсэн ойлголт авах вэ?
-Намайг төгсөж байхад 2004 онд манай зарим нэг багш банканд ороод дэмий гэж хэлж байлаа. Нэг програмаа л ажиллуулаад явдаг, чи өөрөө юм бичихгүй гэж хэлдэг байсан. Гэхдээ би банканд ороод яагаад банк өөрөө юм хийж болдоггүй юм бол гэдэг дээр маш их анхаарсан. Миний банкны салбарт, корпорэйт байгууллагад орж ирээд мэдээллийн технологийн чиглэлээр зорьж хийх гэсэн ганц зүйл бол корпорэйт байгууллага дээр мэдээллийн технологи нь арай өөр байж болдог юм байна гэдэг өөрчлөлтийг оруулъя гэж бодсон. Тэр агуулгаар маш олон өөрчлөлтийг Голомт банканд хийсэн. Одоо Голомт банк маш олон төрлийн програмистуудтай.Хамгийн сүүлд блокчэйн гээд гарч байна. Бид corex, жамуха гээд блокчэйны сүлжээнийхэнтэй хамтарч ажиллаж байна. Биржүүдтэй ажиллаж байна. Нэг өнцгөөс харвал банканд бараг бүх төрлийн юм хийж байгаа.
Банканд ажиллаж байгаагийн давуу тал гэвэл бид боловсролын салбартай ажиллана, эрүүл мэндийн салбартай ажиллана, финтекүүдтэй ажиллана, төлбөр тооцоотой ч ажиллана.
Тэгэхээр энэ дотор байгаа хүн хэрвээ өөрийгөө дайчилж чадах юм бол бүхий л салбарын бизнес процесс болон бүхий л салбарын IT-ийн чиглэлийг сурах боломжтой.
Сүүлийн жилүүдэд старт-ап компаниуд гарч ирж байна. Корпорэйт байгууллагууд нь энэ салбарт хувь нэмрээ оруулах ёстой. Хувь нэмрээ оруулж үндсэн суурь бүтцийг тавьж байх ёстой. Хамтдаа салбараа хөгжүүлэхгүй бол бид олон улсаас бүх төрлийн импорт хийсэн хэвээрээ л байгаад байна.
“НЭГЭНТ ХӨГЖЛИЙНХӨӨ ДАРААГИЙН ШАТАНД ГАРЧИХСАН КОРПОРЭЙТ БАЙГУУЛЛАГУУД ГАРААНЫ БИЗНЕСҮҮДИЙГ ДЭМЖИЖ, САЛБАРАА ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ”
-Технологийн хувьд Голомт банк нээлттэй болсон. Нээлттэй гэдэг нь ямар байдлаар бусад бизнесүүдэд давуу тал олгож байна гэсэн үг вэ?
-Нээлттэй болж байгаа гэдэг нь хамгийн энгийнээр бидэнд байгаа боломжтой, хийчихсэн, туршигдчихсан, давуу тал гарчихсан зүйлсээ бусдадаа ашиглуулъя гэсэн санаа. Манай дээр хийгдчихсэн байгаа технологийн давуу тал, боломжуудаа бүгдийг нь нээлттэй болгож байна. Технологиос гадна бид процессуудаа нээлттэй болгох гэж ярьж байна. Нээлттэйгээр бизнес загваруудаа гаргаж өгч байна. Нээлттэйгээр өөрсдийнхөө мэдлэгийг өгч байна. Энэ бүхэн нийлэхээрээ, манай бүх зүйл нээлттэй болоод, энэ нээлттэй давуу талтай банк санхүүгийн сектор 85 хувийн Монголын эдийн эдийг засагт том нөлөөтэй.
-Технологитой илүү уялдуулбал юуг хуваалцаж байна гэсэн үг вэ? Хийчихсэн байгаа технологио ашиглуулж байна гэсэн үг үү?
-Ерөнхийдөө тийм. Хамгийн энгийнээр хэлэхэд, манай Social pay гээд бүтээгдэхүүн байдаг. Social pay гэдэг бүтээгдэхүүнд virtual карт гэж байгаа. QR-аар төлбөр тооцоо хийдэг систем байгаа. Гэтэл бид дөрөв таван жил маш их цаг хугацаа зарцуулж хийсэн. Маш олон газруудад Social pay уншигдаж байна. Бид одоо яах вэ гэхээр Social pay дотор байгаа зүйлсээ гаргаад өгчхөж байгаа юм. Танайх ашигла гээд. Та нар яг л стандартыг нь дагаад, мэдээллийн аюулгүй байдал болон бусад стандартыг нь дагаад ашиглаад яв. Өөрөөр хэлбэл энд байгаа Монгол чат эсвэл энд байгаа Super app аппликейшн дахиж тэгж цаг хугацаа зарцуулахгүйгээр бидний босгосон дэд бүтцийг ашиглаад явж байгаа юм. Тэгэхээр заавал банк шиг том систем аваад л, тэрийг нь маллах гэж олон хүмүүс аваад, цаг хугацаа алдах шаардлагагүй болно гэсэн үг. Нэмээд өөрсдийн олсон мэдлэгээ нээлттэй хуваалцъя гэж байгаа. Өөрсдийнхөө баталгаажуулсан, туршлага болсон, давуу тал үүсгэсэн процессоо хуваалцаж байна.
Нээлттэй гэдгийн бас нэг давуу тал нь бизнесүүд хоорондоо холбогдох боломжтой.
Өөр өөрсдийн платформтой, Mongol NFT гэдэг ч юм уу төслүүд байна, Lime гэдэг аппликейшн байна, SocialPay гээд Голомт банкны аппликейшн байна. Энэ аппликейшнүүд хоорондоо холбогдсоноороо илүү давуу үнэ цэнийг харилцагчид хүргэнэ. Жишээлбэл, банк бус санхүүгийн 500 гаруй байгууллага байдаг. Зарим хүмүүс банк болон банк бус санхүүгийн байгууллагуудыг өрсөлддөг, бие биедээ дургүй гэдэг. Бодит байдал дээр тийм биш. Банк бус санхүүгийн байгууллагууд ч кредит карт гаргамаар байгаа. Гэтэл кредит карт гаргах бол картын систем гэж том систем нэвтрүүлдэг. Тэр нь дор хаяж л сая доллараас дээшээ үнэтэй байдаг. Гэтэл бид өөрсдийнхөө картын системийг Invescore, Netcapital-д ч хэрэглүүлж байна.
Ярилцлагын дэлгэрэнгүй нэвтрүүлгээс үзнэ үү.