Монгол Улс 2022 оны эхний улиралд нийт 126 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.9 тэрбум америк доллар, импорт 1.7 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 108.7 (3.1%) сая ам.доллароор, импорт 167.0 (11.0%) сая ам.доллароор өсжээ.
Харин экспорт 58.3 (2.9%) сая ам.доллароор буурчээ. Экспорт өмнөх сараас 121.3 (18.9%) сая ам.доллароор, импорт 171.8 (35.7%) сая ам.доллароор тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний улиралд 476.6 сая америк долларын ашигтай байсан бол 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 225.3 сая америк доллароор буурч, 251.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Харин 2022 оны 3 дугаар сард өмнөх сараас 50.5 сая ам.доллароор буурчээ.
Хятад улстай 2022 оны эхний улиралд 2.1 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 56.6 хувийг эзэлж байна.
Оросоос импортоор оруулсан барааны 57.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Японоос импортолсон барааны 71.2 хувийг суудлын автомашин, Хятадаас импортолсон барааны 6.6 хувийг цахилгаан эрчим хүч, 5.8 хувийг ачааны тэрэг, 87.6 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 167.0 сая ам.доллароор өсөхөд авто бензин 90.4 сая ам.доллар, суудлын автомашин 28 сая ам.доллар, дизелийн түлшний импорт 15.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.