Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 (36.1%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 940.2 (35.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн болохыг Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 254.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2022 оны 3 дугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 422.1 (27.7%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 255.1 (22.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2022 оны 2 дугаар сард 390.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол 3 дугаар сард 286.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.4 нэгж хувь, тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь 4.1 нэгж хувиар өсөж, харин татварын бус орлого 2.7 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 3.9 нэгж хувиар буурсан байна.
Татварын нийт орлого 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 962.3 (40.1%) тэрбум төгрөгөөр өсөхөд бусад татварын орлого 340.9 (2.9 дахин) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 177.8 (38.9%) тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 175.3 (26.9%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 172.7 (26.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.