Шри Ланкад гар утасны гэрэлд мэс засал хийж байна
Шри-Ланка гадаад өрийн өндөр төлөлт, худалдааны асар их алдагдалд орж, үндсэн бараа, эм тариа импортлох боломжгүй болж сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүнд эдийн засгийн хямралтайгаа тэмцэж байна. Шри-Ланкчууд хуурай сүү, хоол хийх хий зэрэг хэрэгцээт зүйлээ худалдаж авах гэж тэмцэж байгаа юм. Мөн огцрохоос татгалзсан тус улсын Ерөнхийлөгч Готабая Ражапаксаг огцрохыг шаардаж жагсагчид гудамжинд гарчээ. Шри Ланка улс ОУВС-тай тусламжийн багцаар хамтран ажиллаж байх хугацаандаа гадаад өр төлбөрөө түр зогсоолоо.
Эмнэлгийн эм, тоног төхөөрөмж багасаад байгаа тус улс Сингапурын Улаан загалмайн нийгэмлэгээс "урьд өмнө байгаагүй хүмүүнлэгийн хямрал" гэж тодорхойлсон зүйлтэй тулгарчээ. Эмч нар эмнэлгийн хэрэгслийг угааж, дахин ашиглах, тэр ч байтугай гар утасны гэрэлд мэс засал хийж буй аж. Одоогоор эрх баригчид эмийн хомсдолоос болж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч шинжээчид хямралын улмаас тус улсын Ковид-19-өөр нас барсан хүний тоо 16000 -аас давж болзошгүйг анхааруулж байна.
Шри-Ланка дахь эмийн сангуудыг төлөөлдөг Улсын эмийн холбооны нарийн бичгийн дарга Атула Амарасена "Энэ бол хямрал хэр зэрэг хүндрэхийг бид тааж чадахгүй" гэжээ.
Шри Ланкийн Анагаах Ухааны Нийгэмлэгээс (SLMA) гаргасан мэдэгдэлд дурдсанаар улс даяарх бүх эмнэлгүүд яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжгүй байдалд оржээ. Шинжилгээнд ашигладаг мэдээ алдуулагч, урвалж бодис хязгаарлагдмал байгаа тул улсын хэд хэдэн эмнэлгүүдэд ердийн хагалгааг түр зогсоож, лабораторийн шинжилгээг багасгах тушаал өгсөн гэж SLMA мэдэгдэв.
Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж ч хомс байна. Тухайлбал, Шри-Ланкийн Перинатал нийгэмлэгийн ерөнхийлөгч хиймэл гуурсан хоолойн хомсдол "онц ноцтой" болж байгаа тул шинэ төрсөн хүүхдийн уушгинд хүчилтөрөгч хүргэхэд ашигладаг дотуур хоолойн гуурсыг ариутгаж, дахин ашиглахыг эмнэлгүүдэд тушаажээ.
Эх сурвалж: CNN News