Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.
Тэрбээр "Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ажилтан төлдөг НДШ-ийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргаж байна. Энэ бол хүнд үеийг давахад инфляцтай уялдуулсан арга хэмжээ юм.
НДШ-ийн асуудал хүнд байдалд орчихсон байгаа учир багц асуудлыг Засгийн газраас УИХ-тай ярьж, хувийн тэтгэврийн сан, хуримтлалын нэгдсэн сан зэрэг олон асуудал дээр Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэхтэй холбоотойгоор авч үзэх шаардлага үүсэж байна. Дунд хугацаанд реформ хийх энэхүү асуудлыг УИХ-тай хамтарч яаралтай шийдэх нь зүйтэй" гэв.
Иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа "Нийгмийн Даатгалын Шимтгэлийн/НДШ/ 50 хувийн буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарна. Өөрөөр хэлбэл иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө. Энэ нь түр зуурын арга хэмжээ. Харин Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлд өөрчлөлт ороогүй" хэмээн тайлбарлалаа.