Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад сайд нар танилцуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит компаниудын асуудлыг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ.
Төсвөөс цалинждаг бол нэгдсэн байдлаар зохицуулалт хийх улс төрийн шийдвэр гаргаж байна. Улмаар дараах асуудлуудыг зохицуулна
Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дэх дэд захирал болон шаардлагагүй албан тушаалыг хуулиар хязгаарлаж байна. Төрийн өмчит 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулахаар 34 хувийн IPO гаргах асуудлыг УИХ-д оруулахаар тогтлоо. 10 орчим төрийн өмчит компанийг нэгтгэн, мөн 10 орчмыг нь татан буулгана.
Ингээд төрийн өмчит компанитай холбоотой үйл ажиллагааны нийтлэг журам, орон тоо, ашигтай ажиллаж байна уу гэдгийг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулна гэсэн үг. Тэгэхээр цаашид хуулийн дагуу аудитын дүгнэлт гаргах боломж бүрдэнэ. Аль нэг институтийн харьяанд байгаагаас үл хамааран нэгдсэн байдлаар зохицуулагдана.
Хот суурин газар том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хязгаарлана. Засгийн газрын авто баазыг төрийн байгууллагынх болгох нэгдсэн зохицуулалт хийгээд орон нутагт явж байгаа машиныг зөвхөн дуудлагаар авна. Цаашлаад төрийн байгууллага таксины үйлчилгээ авах, аль нэг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах замаар төр машинаас татгалзах ажлыг хуулиар зохицуулна" гэлээ.