Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад сайд нар танилцуулж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийг баталснаар гурил, махны үнийг тогтоон барих боломж үүснэ гэж үзэж байна.
Тодруулбал, төрөөс үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаанбуудайн нөөцийг худалдаж авна.
Ингэснээр дэлхий дахинд үүссэн улаанбуудайн хомсдолоос урьдчилан сэргийлэх, хаврын тариалалтад анхаарах томоохон дэмжлэгийг төр засгаас ААН-үүдэд олгосноор болзошгүй хүнсний тасалдлаас урьдчилан сэргийлэх давуу талтай.
Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар боллоо. Энэ бол түр хугацаанд буюу 2022 он дуустал хэрэгжинэ. Цаашлаад нөхцөл байдлаа харж явах шаардлагатай.
Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих байдлаар Засгийн газар багц арга хэмжээг авна. Харин импортоор оруулж ирдэг өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн буюу цагаан будаа элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг тэглэснээр тодорхой хэмжээнд үнийг тогтоон барих боломж үүснэ. Гэхдээ хилийн чанадад энэ бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлээс Засгийн газар урьдчилан сэргийлэх нь хүндрэлтэй.
Мөн дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Украин улс бол ургамлын тосны гол улсуудын нэг. Тиймээс цаашид ургамлын тос хомсдох нөхцөл байдал үүсэж байгаа. Тиймээс ийнхүү дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ төр дэмжих арга хэмжээ авч байна" гэв.