Украины Ерөнхийлөгч Зеленский ВВС-д өгсөн ярилцлагадаа Оросын нефтийг худалдан авсаар байгаа Европын орнуудыг "бусдын цусаар мөнгөө олж байна" гэж буруутгав.
Ерөнхийлөгч Зеленский Унгарыг онцолж, Орос улс (250 тэрбум фунт стерлинг буюу 326 тэрбум ам.доллар хүртэлх) эрчим хүчний борлуулалтад хориг тавих оролдлогод саад учруулж байна гэж буруутгажээ.
Украины эрх баригчид ОХУ-ын эсрэг зарим хориг арга хэмжээг дэмжсэн ч нефтийн борлуулалтын талаар хатуу арга хэмжээ авахыг эсэргүүцсээр байгаа Берлинийг буруутгаж байгаа аж.
Зеленский энэ талаар "Манай зарим найз нөхөд, түншүүд одоо өөр цаг болсон, энэ нь бизнес, мөнгөний асуудал байхаа больсон гэдгийг ойлгож байна. Энэ бүхэн амьд үлдэх эсэх тухай асуудал юм" гэж тодорхойлжээ.
Ерөнхийлөгч мөн Украинд нэмэлт зэвсэг нийлүүлэхийг дахин уриалж, ОХУ-ын дайралтыг зогсоохын тулд хангалттай хурдан хугацаанд хангамж авч чадахгүй байна гэж мэдэгдэв. "АНУ, Их Британи, Европын зарим орнууд – тэд туслахыг хичээж, тусалж байна. Гэхдээ бидэнд энэ нь аль болох хурдан хэрэгтэй байна. Шулуухан хэлбэл яг одоо хэрэгтэй” гэжээ.
Оросын цэргүүд сүүлийн долоо хоногт Украины нийслэл, төв болон хойд хэсгээс ухран гарсан нь Украиныг бүхэлд нь хүчээр булаан авах оролдлогоос татгалзсан бололтой.
Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн кампанит ажилдаа анхаарлаа хандуулж, илүү их газар нутгийг булаан авахын тулд тус улсын зүүн болон өмнөд хэсэгт цуст, удаан үргэлжилсэн мөргөлдөөн өдөөх вий гэсэн болгоомжлол бий.
Ерөнхийлөгч Путины стратегийн гол бай болсон өмнөд хэсгийн боомт хот Мариуполь Оросын хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн бөмбөгдөлтийн улмаас аль хэдийн сүйрчээ.
Эх сурвалж: BBC News