Энэ сарын 14-нд Далан давхар оршуулгын газрын 10 га талбайд эхний байдлаар цэцэрлэгт хүрээлэн, салах ёслолын ордон зэрэг оршуулгын дагалдах үйлчилгээний төв барих ажил эхэллээ. Бид энэхүү төсөл хэрэгжихэд хэдэн төгрөгийн төсөв батлагдсан, хэр урт хугацаандаа үргэлжлэх, бүрлээчдийн шарилыг буулгахад лам нарын зүгээс ямар үүрэг оролцоотой ажиллаж байгаа талаар мэдээллийг бэлтгэлээ.
Энэ үеэр Улаанбаатар буян компанийн мэргэжилтэн Н.Түвшинбаяр, “10 га газрыг чөлөөлж байгаа. Үүний хоёр га талбайд цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөж байна. Үлдсэнд нь Оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулахаар ажиллаж байна. Үүн дээр иргэд буруу ойлголттой байгаа. Энд ямар ч оршуулгын үйл ажиллагаа явагдахгүй. Зүгээр оршуулгын дагалдах үйлчилгээ, төрийн нийтлэг үйлчилгээ болох салах ёслолын өргөөг төлөвлөөд ажиллаж байна. Өнөөдөр төслийн талбай дахь 11 мянган бурхан болоочдод зориулсан шашны зан үйлийг Гандан дэгчэнлин хийдээс хариуцаж ажиллаж байна. Нью семетри компани нийгмийн хариуцлагын хүрээнд 100 хувь өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм. Урьдчилсан тооцооллоор 40 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Улсын төсвөөс ямар нэгэн зардал гарахгүй гэсэн үг. Энэ газар хувийн компанид шилжинэ гэж ойлгож болохгүй. Бид цэцэрлэгт хүрээлэнгээ бариад 2023 оны дөрөв дүгээр сард нүүлгэн шилжүүлсэн бурхан болоочдоо буцаад модны хөрсөнд суулгана. Үүнийгээ буцаад улсад хүлээлгэж өгөх юм. Энэ сарын 15-наас бурхан болоочдыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллана. Чөлөөлсөн талбайгаа амрааж, ариутгал халдваргүйжүүлээд, хөрсийг нь нэг жилийн хугацаанд амраана гэсэн төлөвлөгөөтэй байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажил бол 2023 оны 10 дугаар сард дуусах болно” гэлээ.
Харин Гандантэгчэнлин хийдийн лам Ж.Одгариг, “2021 онд хотын дарга Д.Сумъяабазарын А733 дугаар захирамж гарсан байна. Үүний дагуу далан давхрыг чөлөөлнө. Энд 73 га газар хамаардаг. 70 мянган насан өөд бологсдын шарил байдаг. Үүний 10 га-г 2022 онд чөлөөлөх юм. Тэгэхээр гандан тэгчэнлин хийдээс шашны зан үйлийг ямар эрэмбэ дараатай үйлдэх вэ гэдэг дээр зөвлөгөө өгнө. 2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд сайн өдөр гэж зурхайд буусан учраас албан ёсоор ажлыг эхлүүлсэн” гэв.
Ажлын үеэр тухайн бүс нутагт оршин суугч иргэн энэхүү ажиллагааг эсэргүүцэж буй талаар хэллээ.
Тэрбээр, “Цэцэрлэгт хүрээлэн барих саналыг хүмүүс дэмжиж байгаа. Эцэг эхийнхээ шарилыг тойруулаад мод тариулбал сайхан. Хүний нүдэнд эвтэйхэн болгочих юм болов уу гэж бодож байгаа. Гэтэл ороод зураг төслийг нь үзэхээр салах ёслолын ордон гэх зэрэг Улаанбаатар буян компани шиг юм болгох гээд байх юм. Би өөрөө ес дүгээр хорооны иргэн. Хорин жилийн өмнө энэ газар хаагдчихсан. Энэ хавиар байнга оршуулгын цуваа явдаг байсан. Бид оршуулгын цуваан дундуур хичээлдээ явж, захаас хүнсээ авдаг байсан юм. Тэр хаагдаад жаахан тайван болоод, энд байгаа бурхан болоочид ч тайван байсан байх. Хүмүүс харахад дургүй байгаа бол өндөр хашаа бариад хамгаалж болно. Гэхэд Нью семетри гээд хувийн компани энэ ажлыг эхлүүлсэн байна. Монгол хүн хэзээ ч газраа хөндөж булш ухдаггүй. Энд моорог барина гэж байгаа. 9, 10 дугаар хорооныхон дахиад шарил, оршуулгын цуваан дунд амьдрахаар болж байна” гэсэн юм.