Нью-Йорк хотын метронд халдлага үйлдсэн сэжигтэнг баривчилж, "терроризм"-ын хэрэгт буруутгаж байна. 62 настай Фрэнк Р.Жеймс Брүүклины метроны галт тэргэнд 23 хүн рүү буудаж шархдуулсан хэргийн цорын ганц сэжигтэн юм.
Террорист халдлага үйлдсэн этгээдийг 30 цагийн турш эрэн сурвалжилсны эцэст баривчилсан хотын Цагдаагийн албанаас мэдэгдлээ.
Лхагва гарагийн үдээс хойш Фрэнк Р.Жеймсийг Манхэттэний зүүн хэсгээс баривчилсан гэж Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Кичант Сьюэлл мэдэгдэв.
Сьюэлл хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ, "Бид энэхүү баривчилгаа хохирогчид болон Нью-Йорк хотын иргэдэд тайвшрал авчирна гэж найдаж байна" гэжээ.
Мягмар гарагийн өглөө болсон халдлага нь өдөр бүр олон сая хүн метрогоор зорчдог АНУ-ын хамгийн том хотыг бүхэлд нь цочирдуулсан юм.
Халдлага үйлдэгч орон нутгийн цагаар өглөөний 8:30 (GMT 12:30) цагийн орчимд метроны галт тэргэнд утаан бөмбөг тавьж, дараа нь гар буугаар гал нээж, 23 удаа буудсан аж.
Бууны суманд 10 хүн шархадсан бол 13 хүн утаанд өртжээ. Цагдаа нар халдлага болсноос хойш хэдэн цагийн дараа олны анхаарлыг татсан хүн хэмээн нэрлэгдэж, дараа нь Нью-Йорк хотын захирагч Эрик Адамсын сэжигтнээр нэрлэсэн Жеймсийн гэрэл зураг, видео бичлэгийг нийтэлж, олон нийтийг мэдээлэл өгөхийг уриалж байлаа.
Жеймс олон нийтийн тээврийн хэрэгсэлд халдсан "терроризм"-ын хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноох аж. Цагдаа нарын мэдээлснээр, 62 настай тэрээр мягмар гарагт хагас автомат гар буугаар буудсан бөгөөд хэргийн газраас гурван урт сум, дэгээ, хэрэглээний зориулалттай салют, савтай бензин олжээ.
АНУ-ын Архи, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын товчоо (ATF) халдлагад ашигласан бууг Жеймс 2011 онд худалдаж авсан болохыг тогтоосон гэж Нью Йорк дахь ATF-ийн төлөөлөгч Жон Девито сэтгүүлчдэд мэдэгдэв.
Халдлага болохоос нэг өдрийн өмнө нийтэлсэн нэгэн видео бичлэг дээр Жеймс хар арьст хүмүүсийн эсрэг гэмт хэргийг шүүмжилж, эрс арга хэмжээ авах шаардлагатай гэж хэлсэн байна. "Бид үүнийг сайжруулахаас нааш байдал өөрөө сайжрахгүй" гэж тэр хэлээд зарим хүмүүсийг "тамлах" тохиолдолд л бүх зүйл өөрчлөгдөнө гэж бодож байгаагаа хэлжээ.
Жеймсийн эгч Кэтрин Жеймс Робинсон "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр "насан туршдаа ганцаараа байсан" бөгөөд энэ явдалд гайхаж байгаагаа хэлсэн байна. "Би түүнийг ийм зүйл хийнэ гэж бодохгүй байна. Ийм зүйл хийх нь түүний мөн чанар биш" гэсэн байна.
Зураг: Aljazeera