Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож концессын гэрээг цуцалсан. Тэгвэл уг шийдвэр гарсны дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цагдаагийн хамгаалалтад авч, орж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концесс хэрэгжүүлэгч "Кью Эс Си" компани нь Хөгжлийн банкнаас 71.3 сая долларын зээл авсан. Уг мөнгөөр 33.4 км төмөр зам барьж улсад өгсөн байдаг. "Кью Эс Си" компани уг зээлийг эргэн төлөх явцад Засгийн газраас шийдвэр гаргаж хаана төлөх эсэхийг тодорхойгүй болгосон гэж тус компаниас мэдэгдсэн. Зээлийн хуваарь, хаана төлөх эсэхийг тодорхой болгоод өгвөл төлөхөд бэлэн гэдэг байр, суурийг илэрхийлж байгаа юм.
Концессийн гэрээг цуцлахад эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.
“Кью эс си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн байна.