Call Pro компани олон улсын зах зээлд гарч Кыргызстан улсад компаниа байгуулжээ. Мөн энэ оын сүүлээр Узбекистан улсад салбар компаниа нээхээр ажиллаж байна. Энэ талаар Call Pro ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тулгатай ярилцлаа.
-Call Pro компани Кыргызстан улсын зах зээлд гарсан гэсэн. Тэнд ямар байдлаар гарсан бэ, дараагийн зорьж байгаа улс ямар улс вэ?
Call Pro компанийн хувьд 2021 оны эхээр Кыргызстанд компани байгуулсан. Ковидийн нөхцөл байдлаас болоод бүтэн нэг жил шахуу хойшиллоо. 2021 оны сүүлээр бид Кыргызстаны Кыргыз телеком компанитай хамтын ажиллагааны гэрээгээ зураад одоо бид Киргизэд бүх харилцаа холбооны Монголд ашиглаж байгаа бүх технологиудаа нийлүүлнэ. 24 цагийн дэмжих үйлчилгээг Монголоос Монгол инженерүүд маань үзүүлнэ. Зөвхөн борлуулалт, маркетингийн хэсгийг Кыргыз телеком компани хариуцаж ажиллана гэсэн ийм гэрээтэйгээр явж байна.
-Нийт хэдэн улсыг судалж байгаад Киргизэд гарсан бэ?
АНУ, Япон, Зүүн өмнөд ази, төв ази гэсэн дөрвөн чиглэлээр судалгаа хийсэн. Хамгийн боломжтой гэдгээрээ төв Азийг сонгоод явж байгаа. Дараагийн орон бол Узбекистаны зах зээлд энэ оны сүүлээр гарна гэдэг бодолтой байна. Одоо Киргиз дээр гарч байгаа асуудал бол тэр л дээ. Жишээ нь Call Pro-ийн солюшн гээд бүтэн солюшн байгаа. Тэр бол харилцаа холбооныхоо бүх юмыг хийчхэж чадаж байгаа. Гэтэл хажууд нь Оросын нэг солюшн байна. Гэтэл тэр нь банктайгаа хамт гоё ажиллаж чаддаг. Тэгэхэд бид Кыргызэд жоохон дутуу байгаад байгаа. Тэгэхээр мэдээж Голомт банктай, Монгол чаттай, эсвэл Монголын ERP системүүдтэй хамтдаа бид тэнд бүтэн цогц шийдэл санал болговол бид тэнд илүү хүчтэй, илүү хурдан байр сууриа эзэлж авах ийм боломж харагдаад байгаа. Яг биднийг салбараа нээснээс хойш миний мэдэхээр Монгол дөрвөн IT –ийн компани Кыргыз рүү судалгааны хүмүүсээ явуулаад эхэлсэн байна.
-Та бүхэн зам гаргасан байна шүү дээ?
Тэгсэн. Хамтрал үүсгэх боломж тэнд илүү гоё суурь тавигдаж байгаа гэж итгэж байгаа.