ХУД-ийн 15 дугаар хороо буюу Наадам центерийн ард АТГ-ын ажилчдын байр гэх 16 давхар барилга ашиглалтад орсон. Энэхүү барилга баригдахдаа барилгын стандартыг зөрчсөн талаар цахим орчинд тархаж, иргэдийн зүгээс төрийн байгууллага хууль зөрчсөнд бухимдалтай байгаа.
Стандартын дагуу барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас ихгүй, зам талбай ногоон байгууламж нь 30 хувиас багагүй байхаар заасан. Энэ мэт шаардлага хангаагүй энэ барилгыг баригдаж эхлэхэд төрийн шат шатны байгууллагууд хяналт тавьж ажиллах ёстой байсан.
Тэгвэл бид НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгээс энэхүү барилгыг барих явцад ямар шалгалт хийж, зөвшөөрөл олгосон талаар тодрууллаа.
-АТГ-ын ажилчдын орон сууц стандарт хангаагүй байна гэх асуудлын талаар яригдах боллоо. Барилга босох явцад хяналт шалгалт хийгээгүй юм уу?
-Сүүлийн 2-3 жил НМХГ голчлон ковидын хяналтад явсан шүү дээ. Энэ жилийн хувьд төлөвлөгөөт шалгалтыг түр зогсоогоод байгаа юм. Голчлон өргөдөл гомдол ирсэн тохиолдолд л хяналт шалгалтаа хийсэн гэсэн үг. АТГ-ын захиалгаар баригдсан ажилчдын орон сууцан дээр хийсэн шалгалт байхгүй.
-Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын салбар дээр ямар үүрэг хүлээж ажилладаг вэ?
-Үндсэн үүрэг нь хууль дүрэм, стандартын биелэлтийг хангуулахаар ажиллаж байгаа.
-Дүрэм стандартын биелэлтийг хангуулах гэж ажилладаг гэж байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн ажлаа хийгээгүй ээ гэсэн үг үү?
-Та нар өнөөдөр нэг барилга дээр л ярьж байна. Биднийг ярилцлага өгч байхад нөгөө газар ийм байхыг үгүйсгэхгүй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн жилдээ ямар ажил хийхээ төлөвлөдөг. Төлөвлөгөөт шалгалтыг зогсоочхоод байна. Төлөвлөгөөт бусуудаа хийгээд явж байгаа. Нийт байгууламжийн 30 хувь нь ногоон байгууламж, зогсоол байх журамтай.
-Тийм. Тэгэхээр одоо яах билээ? Стандартаа зөрччихсөн байна шүү дээ. Үүн дээр НМХГ-аас ямар арга хэмжээ авах вэ?
-Хоёр байгууллага дээр ажлын хэсэг гараад өнөөдөр явж байна. Тэр үед нь ийм зөрчил гарч арга хэмжээ авсан гээд мэдээлэл өгье.
850 мкв энэхүү газры АТГ 15 жилийн хугацаатай эзэмшихээр авсан байна. Тодруулбал 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр АТГ тус газар өндөр орон сууц барихаар газрын зөвшөөрөл авсан талаар мэдээлэл газрын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байгаа юм. Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал бүх захирамж хууль дүрмийн дагуу явагдсан гэв.