Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьж УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдэгдэл хийлээ.
АН-ын зүгээс хууль баталж үнэ тогтворжихгүй. Харин хил гааль, ложистикийн гацаагаа хурдан гаргаж бараа, бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тиймээс дээрх хуулийн төсөлд тав хоногийн завсарлага хүслээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөнийг чуулганы хуралдааны танхимын өмнө бодитоор дэлгэн харуулж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, “Би зориуд Найман шарга валютын захаар очиж үзлээ. Ам.доллар 3200 төгрөгийн ханштай гэх боловч олдохгүй байна. 4000 төгрөгөөр хүссэн хэмжээгээрээ ав” гэж байна. Эрх баригчид эдийн засгийн уналт, валютын ханш өсч байгаагийн оношийг зөв тавих хэрэгтэй байна" гэлээ.
Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Монгол Улс 33 боомттой. Яагаад энэ боомтуудынхаа гацааг арилгаж чадахгүй байна вэ. Алдагдлыг мөнгө хэвлэж, улсын төсвөөс төлж үнэ тогтворжуулдаггүй. Засгийн газар ковидоор далимдуулж УИХ-ын эрхийг авсан. Одоо Монголбанкны эрхийг ч булаахаар санаархаж байна. Жирийн бизнес эрхлэгч эмэгтэй 10 сая төгрөгийн зээл авахад өдрийн зээл нь 366 мянган төгрөг болдог. Гэтэл танил талтай хүмүүс гуравхан хувийн хүүтэй зээл авч ББСБ-аар мөнгө угааж иргэдийг туйлдуулж байна” гэдгийг онцлон хэлэв.
Мөн чуулганы нэгдсэн хуралдааны танхимд иргэд сонгогчдын зүгээс эрх баригчдад хандан гаргасан зарим саналуудыг хэвлэн үзүүлж олонхид сануулга өглөө.