Нэгэн цагт Холливуудын хамгийн сайхан хосуудын нэг гэгдэж байсан жүжигчин Жонни Депп, Амбер Херд нар Калифорни мужийн шүүхэд 2016 онд салах өргөдлөө дуулиантай өгч байсан билээ. Тэдний салалтын шалтгаан нь Жонни Депп эхнэртээ санаатайгаар халдаж, удаа дараа биед нь бэртэл гэмтэл учруулсан гэх дуулиан байв.
Үүнээс хойш сая сая хүмүүсийг талцан муудалцуулах бай болсон ширүүн маргаан эхэлсэн юм.
Жүжигчин Амбер Хердийг алдарт жүжигчин нөхрөөсөө ахиухан хэмжээний хөрөнгө мөнгө салгахаар жүжиг тавьж байна гэж буруутгах хүмүүс байсан бол нөгөө талд Жонни Деппийг хүчирхийлэгч гэж ч цоллож байсан юм.
Тэгвэл мягмар гарагт Виржиниа мужид болсон шүүх хуралд Жонни Деппийн дүү гэрчээр оролцож байхдаа шүүгчдэд Амбер Хердтой гэрлээд Жонни Деппийн амьдрал "сүйрсэн" гэж мэдүүлжээ.
Тэрээр шүүх хуралдаанд хэлэхдээ, хатагтай Херд ахад нь сайнаар ч, саараар ч хандахыг харсан гээд тэднийг муудалцах үед хамт байсан талаараа дэлгэрэнгүй ярьжээ. "Нэг удаа би оффист Жоннитой хамт суугаад хамтран ажиллах талаар ярилцахыг хүссэн Диор-ын төлөөлөгчидтэй уулзсан юм. Тухайн үед Амбер орж ирэхэд Жонни Амберт би саяхан Диортынхонтой уулзсан, тэд өөрийг нь сонирхож байна гэж хэлсэн. Хариуд нь Амбер дургүйцсэн байдалтай "Диор уу? Диор яагаад чамтай бизнес хийхийг хүссэн юм бол? Чамд ямар ч донж маяг байхгүй шүү дээ” гэсэн. “Тэр бол доромжлолын нэг хэлбэр. Амбер ахыг минь доромжлохыг би олон удаа харсан. Тэр түүнийг "хөгшин, тарган эр" гэж дууддаг, элдвээр доромжилдог байсан” гэдгийг хэлжээ.
Эх сурвалж: The Guardian