Шанхайд Ковид-19-ийн халдварын тохиолдлын тоо рекорд тогтоосон ч Хятад улсын дарга Ши Жиньпин өөрийн улс Ковид тахлын эсрэг тэмцэж байгаа хариу арга хэмжээг сайшаан магтаж байна.
Хятадын Ковидийг тэглэх бодлого нь халдварын тархалт, олон нийтийн уур бухимдалтай нийлэн хурцадмал байдал үүсгэсэн. Шанхай хотын 25 сая оршин суугч хатуу хөл хорионд ажиллаж, амьдарч байгаа билээ. Хятадын санхүүгийн төв болох тус хотод өдөрт цар тахлын тохиолдол 21000-аар бүртгэгдэж дээд амжилт тогтоогоод байна. Одоогоор 130 000 иргэн халдвар авснаас ердөө нэг хүний биеийн байдал хүнд байгаа гэж албаны хүн мэдэгджээ. Ноцтой тохиолдлын тоо цөөн байгаа нь хотыг хатуу хөл хорионд байлгах шаардлагатай эсэхээ ахин харахад хүргэж буй.
Жилин хотын зүүн хойд хэсэгт 33 хоногийн хатуу хөл хорионы дараа тус хот "Тэг Ковид"-ийн байдалд хүрсэн гэж албаны хүмүүс онцолсон юм. Гэхдээ тус хотын оршин суугчдын хязгаарлалтыг хэзээ цуцлах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Хатуу хөл хориотой холбоотой үүссэн хамгийн хүнд асуудал нь хүнсний хангамж муудсан явдал аж. Хотын хүмүүс гэр гэртээ түгжигдэж, ихэнх нь хоол хүнс, усаа захиалж, хүнсний ногоо, мах, өндгийг засгийн газраас хэзээ түгээхийг хүлээж байгаа юм.
Ганцаараа амьдардаг, ухаалаг утас хэрэглэх нь бага өндөр настнууд эрсдэлд хамгийн их өртөж байгаа аж.
Хатуу хөл хорио үр дүнтэй байгаа эсэх нь тодорхойгүй ч Хятад улс арга барилаа өөрчлөх шинж тэмдэг одоогоор алга байна. Төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн редакцын нийтлэлд тус улс Тэг Ковид бодлогоо "тууштай баримтална" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC News