Оросын довтолгоонд Украины Днепр хотын нисэх онгоцны буудал бүрэн сүйрсэн талаар эх сурвалжууд мэдээлэв. Уг бөмбөгдөлтөд онцгой байдлын таван ажилтан өртөж шархадсан байна.
"Днепр нисэх онгоцны буудалд дахин халдлага гарлаа. Нисэх буудлаас юу ч үлдсэнгүй” гэж Днепропетровск мужийн захирагч Валентин Резниченко ням гарагт мэдэгджээ. Нисэх онгоцны буудал болон түүний эргэн тойрон дахь дэд бүтэц эвдэрч бүрэн сүйрсэн аж. Үүгээр ч зогсохгүй тус хотын Павлохрад дүүргийн нэгэн барилга пуужинд оногдсон байна. Ням гарагт Днепр мөрний эрэгт орших Днепр хот руу дайрах Оросын халдлага идэвхэжсэн гэдгийг хотын удирдлага мэдэгдэв.
Нэг сая хүн амтай аж үйлдвэрийн хот болох Днепр Оросын цэргүүдийн бай болж байсан ч өнөөг хүртэл томоохон сүйрэлд өртөөгүй байсан юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яам бямба гарагийн шөнө харвасан пуужингууд "гадаадын хөлсний цэргүүдээс нэмэлт хүч хүлээн авсан" Звонецки дахь Украины цэргийн баазыг устгасан гэсэн хариу мэдэгдэл хийсэн.
Ням гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Германы канцлер Олаф Шольцтой утсаар ярихдаа ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах талаар ярилцсан тухайгаа твиттер хуудсандаа бичжээ. Зеленский Оросоос импортолж буй хий, газрын тосонд хориг тавихыг уриалсан ч Герман хориг зарлах бусад улсын шахалтыг эсэргүүцсэн хэвээр байна.
Герман улс Оросын нефтийн импортоо энэ онд зогсоож магадгүй ч тус улс өөр эх үүсвэрээс хий импортлох дэд бүтцийг бий болгох шаардлагатай тул байгалийн хийн импортоо зогсоох нь илүү хүндээр тусах болно гэдгийг баасан гарагт мэдэгдэв.
Германы нефть импортын 35 хувийг Оросын газрын тос эзэлж байсан бол хоёрдугаар сарын 24-ний дайралтаас хойш 25 хувь болж буурсан байна. ОХУ-аас Германд авдаг хийн импортын хэмжээгээ 55-аас 40 хувь, чулуун нүүрсний импортыг 50-иас 25 хувь болгон бууруулжээ.
Эх сурвалж: aljazeera