ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 20 жилийн турш охидоо нуусан. Катерина Тихонова, Мария Воронцова нар хуурамч овог нэрээр амьдардаг байсан юм. Мөн Путинтай холбоотойгоор олон нийтийн өмнө хэзээ ч гарч байгаагүй. Үүнийг Путины зүгээс аюулгүй байдлын асуудал болон олон нийтийн үүрэг гүйцэтгэхийг хүсэхгүй байгаатай холбон тайлбарладаг.
Катерина Тихонова, Мария Воронцова нарыг ерөнхийлөгчийн охид гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, төрийн телевизийн сувгуудаар мэдээллүүд гарч эхэлсэн ч Путин тэдний харилцааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байв. Энэ дөрөвдүгээр сарын 6-нд АНУ тэдний эсрэг хувийн хориг арга хэмжээ авсны маргааш нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хоригт хамрагдсан эмэгтэйчүүдийг Путины охид гэдгийг баталж, анх удаагаа тэднийг хүлээн зөвшөөрөв.
Воронцова, Тихонова нарын эсрэг авсан хориг арга хэмжээний талаар Кремлийн байр суурийг сонирхоход Песков “Эдгээр хориг арга хэмжээ нь янз бүрийн хязгаарлалт тавих бодлогын үргэлжлэл. Ийм алхмууд, ийм хандлагад ямар ч үнэлгээ хэрэггүй. Энэ бол ойлгох, тайлбарлахад хэцүү зүйл" гэв.
Блүүмберг Путины охидын эсрэг хориг арга хэмжээ авсан нь бэлгэдлийн шинж чанартай, учир нь тэд ОХУ-аас гадуур ямар нэгэн ноцтой хөрөнгөтэй эсэх нь тодорхойгүй байна гэж тэмдэглээд, хоригийн гол зорилго нь Оросын ерөнхийлөгчийн анхаарлыг татах явдал гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ.
Катя, Маша хоёрын талаар сонирхуулахад
"Маша "менежмент"-ийн талаар маш нухацтай ярьдаг бол Катя тавилга зохион бүтээхийг хүсдэг".
Путин, түүний эхнэр Людмила нартай биечлэн ярилцлага хийсэн сэтгүүлч Наталья Геворкян, Наталья Тимакова, Андрей Колесников нар 2000 онд түүнийг ерөнхийлөгч болох үед хэвлүүлсэн “Тэргүүн хүн” номонд Путины охидын бага насны тухай цухас дурдсан нь бий.
Уг номд дурдагдсанаар, Мария 1985 онд Путины гэр бүл Герман руу явахын өмнөхөн Ленинград хотод төрсөн бол жилийн дараа Катерина Дрезден хотод төржээ. Мариягийн загалмайлсан эцэг нь Путины дотны найз, морин хийлч Сергей Ролдугин бөгөөд тэрээр "Панамын баримт бичиг"-т ерөнхийлөгчийн мөнгийг хадгалдаг гэдэг нь илчлэгдсэн. Энэ мэдээлэлд үндэслэн OCCRP – Organized Crime and Corruption Reporting Project байгууллагын мэдээлснээр Ролдугин 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй оффшор компаниудыг хянадаг байжээ.
1996 онд Мария Санкт-Петербург хотын ойролцоох гэр бүлийнх нь байшинд гал гарч үхэх шахсан. Путины өөрийнх нь мэдэгдсэнээр байшингийн саунд гал гарснаас үүдэн шатсан байна. Катерина нэгдүгээр давхар луу гарч амжсан ч эгчийг нь аврах шаардлагатай болжээ. Путин түүнийг хоёрдугаар давхрын өрөөнөөс олж, хэдэн даавууг боож, тагтаар дамжуулан буулгажээ.
Мария, Катерина хоёрын бага насны зураг тийм ч их байдаггүй. Саяхныг хүртэл тэдний царайг харуулсан зураг огт байгаагүй. Путин болон түүний гэр бүлийн хамгийн сүүлийн албан ёсны гэрэл зургуудыг 2002 онд нийтэлсэн боловч хоёр охиныг нь ердөө араас нь харуулжээ.
2020 оны зургадугаар сард Путинтэй ойр байсан олигархи Сергей Пугачев 2000-аад оны эхээр Санкт-Петербург дахь гэртээ авахуулсан гэрэл зургуудаа нийтэлжээ. Тэдний дотор Мария, Катерина хоёр найз нөхөд болон тухайн үеийн алдартай поп хамтлаг Стрелкигийн гишүүд байх аж.
Охид үе тэнгийнхэнтэйгээ тийм ч их цаг өнгөрөөгүй гэдэг. Мариа есдүгээр ангиасаа, Катерина наймдугаар ангиасаа эхлэн гэрийн сургуульд сурдаг байсныг Путин өөрөө хүлээн зөвшөөрсөн.
"Маша "менежмент"-ийн талаар маш нухацтай ярьдаг бол Катя загвар зохион бүтээгч болж, тавилга зохион бүтээх хүсэлтэй байна" гэж Путин охидоо сургуульд сурч байх үед хэлжээ. Гэвч тэдний амьдрал өөрөөр өрнөсөн юм.
Нууц дэлгэгдэв
2015 он хүртэл Мария, Катерина хоёрын карьер, хувийн амьдралын талаар юу ч мэддэггүй байв. Олон нийт тэдний царай төрхийг мэддэггүй байв. Удаан хугацааны турш шар хэвлэлүүд энэ хуучин зураг дээрх залуу бүсгүйг Путины нэг охин гэж андуурчээ.
Путины гэр бүлийн амьдрал үргэлж халхавчийн цаана байх болно гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Песков 2013 онд “Цуу яриа их гарч байна. Гэхдээ бид хэзээ ч Владимир Путины гэр бүлийн талаар юу ч хэлдэггүй, хэзээ ч хэлэхгүй” гэж мэдэгджээ.
Гэхдээ насанд хүрсэн хоёр хүний амьдралыг бүрмөсөн нуух нь хэцүү, ялангуяа тэд засгийн газрын олон тэрбум долларын төсөлд оролцож байгаа бол бүр хэцүү.
2015 оны 1-р сард Оросын РБК агентлаг Москвагийн баруун өмнөд хэсэгт байрлах Москвагийн Улсын Их Сургуульд шинжлэх ухааны төв барих төлөвлөгөөтэй холбоотой шалгалт хийж, дүгнэлтээ тайлан болгон хуваалцжээ. Уг тайланд Катерина Тихоноваг уг төслийг хэрэгжүүлэгч “Иннопрактика” компанийн тэргүүнээр нэрлэсэн бөгөөд Путинтэй ямар ч холбоогүй гэсэн ч Ройтерс болон Блүүмберг төслийг хариуцагч нь Путины бага охин гэж мэдээлэв. Тухайн үед Песков Тихоноваг танихгүй, зөвхөн ерөнхийлөгчийн асуудлыг шийддэг гэж хэлсэн. Энэ нь Тихоновагийн хэн болохыг сонирхогчдын хүслийг улам нэмэгдүүлж, 2015 оны сүүлээр Ройтерс түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл олсноо нийтэд түгээв. Тус агентлаг Тихоноваг акробатаар хичээллэдэг, 2013 онд Швейцарт болсон тэмцээнд 5-р байр эзэлж байсан гэж мэдээлжээ. Тэр жилдээ тэрээр Путины эртний найз Николай Шамаловын хүү Кирилл Шамаловтой гэрлэжээ. Ройтерс агентлагийн хүсэлтээр санхүүгийн шинжээчид 2015 онд хосын хөрөнгө хоёр тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг олж мэдсэнээ ч дэлгэв. Залуу хосын хөрөнгийн дийлэнх хувийг Оросын хамгийн том нефтийн химийн компани болох Сибур дахь Шамаловын эзэмшил эзэлжээ. Шамалов хувьцааныхаа 21 орчим хувийг эзэмшиж, эхний 3.8 хувийг ердөө 100 доллараар авсан гэж OCCRP-ийн түнш iStories мэдээлжээ. Тихонова, Шамалов нар хожим салсан бөгөөд Шамалов Сибур дахь хувьцааныхаа ихээхэн хэсгийг зарж, өнгөрсөн оны сүүлээр компанийн ТУЗ-аас гарчээ.
Ройтерс агентлаг Путины хоёр дахь охин Мариягийн талаар бичиж, түүнийг нөхөр, Голландын иргэн Йоррит Фассенээс Фассен хэмээх гадаад овгоо авсан гэж мэдээлсэн. Тэд хэзээ гэрлэсэн нь тодорхойгүй байгаа ч 2007 он гэхэд Фассен төрийн өмчит Газпромбанкны менежерээр томилогдож, удалгүй Газпромын хамгийн том гэрээлэгчийн нэг болох "Стройтрансгаз"-ын дэд ерөнхийлөгч болжээ.
2011 онд Фассений машин Юрины цувааг нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүйн улмаас Матвей Урин хэмээх банкны хамгаалагчид Москвад зодуулжээ. Энэ нь Юринийн хувьд маш их зардалтай ажил болж хувирав. Бараг тэр даруй түүний цувааг Москвагийн цагдаагийн газрын дарга Владимир Колокольцев Кремлийн ойролцоох газарт өөрийн биеэр зогсоожээ. Юрин болон түүний хамгаалагчид танхайн хэргээр эхлээд 3 жилийн хорих ял авч, дараа нь Юрин залилангийн хэргээр дахин 7.5 жилийн ял авчээ. Харин Колокольцевыг Дотоод хэргийн сайдын албан тушаалд томилогджээ.
Хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Фассен ерөнхийлөгчийн охинтой холбоотойгоос болж Юрин яагаад гадаадын иргэнийг зодсоныхоо төлөө ийм их мөнгө төлөх ёстойг тайлбарласан байна. Мария Фассен Воронцова хэмээх өөр овогтой гэсэн баримтыг 2016 оны эхээр The New Times сэтгүүл мэдээлжээ. Энэ овгийн гарал үүсэл тодорхойгүй байгаа ч Воронцова-Фассен Москва хотын төвд АНУ-ын Элчин сайдын яамны байшинд амьдардаг гэж мэдээлсэн бөгөөд түүний Нидерланд, Итали, Японд авсан зургуудыг нийтэлсэн.
"Хэрэв та интернетэд итгэдэг бол Мария Воронцова-Фассен хамгийн өргөн бөгөөд олон янзын танилтай бөгөөд Мария болон түүний найзууд "гей Европ", "Укрофашистууд" эсвэл НАТО-гийн дайснуудын тухай төрийн суртал ухуулгын гашуудлын талаар огтхон ч анхаарал хандуулдаггүй болохыг харна" гэж New Times-т бичжээ.
Воронцова, Фассен нар нэг хүүтэй. Саяхан Голландын нэгэн сэтгүүл Фассентэй ярилцаж чадсан бөгөөд ярилцлагын үеэр тэрээр Мариятай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
Meduza болон Current Time хоёрын хамтарсан шинэ судалгаагаар Воронцова Евгений Нагорный хэмээх шинэ нөхөртэй болохыг тогтоожээ. Фассений нэгэн адил тэрээр харилцаагаа албан ёсоор батлуулаагүй төдийгүй ерөнхийлөгчийн охинтой зүгээр л хамтран амьдардаг гэнэ. Нагорный, Мария нар хүүхэдтэй болсон гэнэ. Путин 2017 онд саяхан хоёр дахь ачтай болсон гэж ярихдаа түүний тухай ярьж байсан байх гэж мэдээллийн агентлагууд таамаглаж буй.
Амжилттай эрдэмтэд, менежерүүд, хөрөнгө оруулагчид
Мария, Катерина хоёрын карьер ижил төстэй. Хоёулаа докторын зэрэг хамгаалсан бөгөөд засгийн газрын дэмжлэгтэй томоохон төслүүдэд оролцдог. ВВС-ийн Орос дахь албаны мэдээлснээр, Воронцова 2011 онд Москвагийн Улсын Их Сургуулийн Суурь Анагаах Ухааны тэнхимийг анагаахын мэргэжлээр төгссөн. 2014 он хүртэл ЭМЯ-ны дэргэдэх хүүхдийн дотоод шүүрлийн судалгааны төвд резидент хийсэн. Тэрээр тус хүрээлэнд аспирантурт суралцаж, дараа нь "Гипофизын нанизмтай хүүхдийг өсөлтийн дааврын бэлдмэлээр эмчлэх нь: Анагаах ухаан, эдийн засгийн асуудал" нэртэй одойн өвчний тухай диссертациа хамгаалсан.
2019 онд Мария "Номеко" нэртэй эмнэлгийн компанийг ажиллуулж, 40 тэрбум рубль (615 сая ам.доллар) -аар олон салбарыг хамарсан эмнэлгийн цогцолбор байгуулах томоохон эрүүл мэндийн хөрөнгө оруулалтын төсөлд оролцжээ. Дотоод шүүрлийн эмчийн хувьд Мария төрийн телевизээр ихэвчлэн гардаг. Тэрээр мөн генетикийн чиглэлийг машид сонирхдог, энэ чиглэлээр олон тэрбум долларын өртөгтэй өөр нэг төслийг удирддаг.
Түүний дүү Катерина Санкт-Петербургийн Улсын Их Сургууль, Москвагийн Улсын Их Сургуульд суралцаж байсан. 2019 онд тэнд вестибулярын тогтолцоог судлах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
Тихонова 2013 оноос эхлэн залуу эрдэмтдийг дэмждэг Иннопрактика компанийг удирдаж байна. Захирлын хувьд Тихонова Москвагийн Улсын Их Сургуулийн өргөтгөлийн төслийг удирддаг. Үүний өртөг нь 120 тэрбум рубль буюу 1.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Иннопрактика нь төрийн компаниудтай байгуулсан гэрээнээс хэдэн зуун сая рублийн ашиг олдгоороо алдартай.
Путин 2017 онд Америкийн кино найруулагч Оливер Стоунд өгсөн ярилцлагадаа охидоороо бахархаж байгаагаа хэлж"Тэд улс төрд оролцдоггүй, ямар ч том бизнест оролцдоггүй. Тэд шинжлэх ухаан, боловсролын салбарынхан" гэж онцолж байв.
Албан бус гэр бүлүүд
Путин Маша Катягаас гадна өөр хүүхэдтэй ч байж магадгүй. 2019 онд гимнастикч, олимпын аварга асан Алина Кабаева Москвад ихэр хүүхэд төрүүлсэн гэж шар хэвлэлүүд мэдээлж байсан. Тэдний эцгийн хэн болох нь тодорхойгүй ч 2008 онд "Московский корреспондент" сонинд Путин, Кабаева хоёрын удахгүй гэрлэх гэж байгаа тухай мэдээлсэн нь Путиныг ихрүүдийн аав гэсэн таамгийг бататгасан. Харамсалтай нь хэдэн өдрийн дараа "Московский корреспондент" сонин хаагдсан юм.
2013 онд Путин эхнэр Людмилагаас салж байгаагаа албан ёсоор зарласан. Гэвч тэр цагаас хойш Орос улс шинэ тэргүүн хатагтайтай болоогүй. Кабаева ярилцлага өгдөггүй, олон нийтийн арга хэмжээнд бараг гардаггүй. 2014 оноос хойш тэрээр Кремлийн суртал ухуулгын гол төлөөлөгчдийн нэг болох Нэгдүгээр суваг багтдаг Үндэсний хэвлэл мэдээллийн группийн захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж буй.
Путины охиныг төрүүлсэн гэгддэг Светлана Кривоногих болон түүний охин Елизавета нарын талаар 2020 онд Оросын "The Project" сонинд мэдээлснээр Кривоногих 1.1 тэрбум рублийн (15 сая ам.доллар) үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байжээ. Түүний хөршүүд нь Путины жүдогийн түншүүд Василий Шестаков, Аркадий Ротенберг нар, мөн Озеро дача хоршооны ерөнхийлөгчийн хамтрагчид Юрий Ковальчук, Сергей Фурсенко, Николай Шамалов нар байв.
Төн Кривоногих нь Ковальчукийн мэдэлд байдаг "Россия" банкны 2.8 хувийг эзэмшдэг. Тэрээр мөн Катерина Тихонова 2013 онд Кирилл Шамаловтой гэрлэсэн Санкт-Петербург хотын ойролцоох цанын баазын хамтран эзэмшигч. Түүний хоёр танил нь Кривоногих, Путин нар дотно харилцаатай байсан гэж "The Project"-т ярьж байсан ч 2010 он гэхэд хайрын романс дууссан гэдэг.
Кривоногихийн охин Елизавета 2003 онд төрсөн. Елизаветагийн аав хэн гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй, овог нь Владимировна гэдгийг л мэдэгдэж буй. Гэхдээ охины гадаад төрх нь Путинтэй үнэхээр төстэй ч ерөнхийлөгч Путины охин гэдгийг албан ёсоор баталгаажуулсан эх сурвалж, баримт байхгүй.
Эх сурвалж: OCCRP