Монголын 20 гаруй өмгөөлөгч, өмгөөлөх эрхийнхээ хүрээнд, сайн дураараа нэгдэж тайван жагсаалын үеэр саатуулагдсан залуусыг суллуулах, хууль бус үйлдэл гаргаж буй цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болов.
Өмгөөлөгч А.Пүрэвдулам:
Цагдаагийн байгууллагынхан хуулиа мэдэхгүй байна. Эрх, үүргийнхээ хүрээнд залуусыг өмгөөлөхөөр ирээд гар хөлөө өчүүллээ. Хүүхдүүд ямар нийгэмд амьдарч байгаагаа гайхаж байна. Би энэ бүх зүйл дээр гомдол гаргана. Өмгөөлөгчийн биед халдсанд нь ч гомдол гаргана. Өмгөөлөгчийн биед ингэж халдаж байгаа юм чинь тэнд байсан залуустай яаж харьцсан нь тодорхой. Би хардаж байна.
Хүүхдүүдийг албан хаагчийн биед халдсан гээд хоморголох вий дээ. Ихэнх залууст хэлэх үг алга. Зүгээр үзэл бодлоо илэрхийлээд зодуулж байна аа л гэж байна.
Энэ талаар өмгөөлөгч Х.Наранзул:
-Залуучууд тайван жагсаалд оролцож байхад нь 60-100 залууг хоморголон саатуулсан байна. Өчигдөр залуусыг хараад үнэхээр эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа юм байна гээд баярлаж байсан юм. Өнөөдөр өмгөөлөгчид бид саатуулсан залууст эрх зүйн туслалцаа үзүүлэхээр, залуусыг суллуулах гээд ирлээ. Монголын цагдаа нар залуусыг өшиглөж, гулдчиж, мал адгуус шиг харьцаж байна.
Ямар учраас залуусыг саатуулаад байгааг үнэндээ ойлгохгүй байна. Бид өнөөдөр хуульд заасанчлан өмгөөллийн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн бидний биед халдаад хөөн гаргаж байна. Өнөөдөр монголд хууль гэдэг зүйл аль ч шатанд хэрэгжихээ больжээ. Хүний эрхийн асуудал шалтай хутгалдсан байна. Залуус бидний үзэл бодлыг ийм байдлаар дарахгүй. Тэд тэмцлээ үргэлжлүүлнэ гэж байна. Хууль хяналтын байгууллага өөрсдөө хуулиа зөрчиж байна шүү дээ. Үүний эсрэг бид тэмцэнэ.
Харин өмгөөдөгч Д.Очирваань:
-Одоогийн байдлаар 4-5 хүүхэд суллагдлаа. Үүрээр 3 цагт саатуулагдсан хүүхдүүд одоог болтол гараагүй байна.
Тайван замаар жагссан залуусыг саатуулсан байна. Иймийн тулд бид сайн дураараа нэгдээд байна. Хууль дээдлэх гээд ойлголт бий.
Үзэл бодлоо илэрхийлж буй залуусыг турхирсан гээд албадаж тараах нь хуульд нийцэхгүй. Хүүхдүүдийг өнөөдөр гэхэд суллах ёстой. Тэд гэмт хэрэг үйлдээгүй.
Сая гарч ирж байгаа залуусаас яагаад саатуулагдсныг асуулаа. Энэ дунд зүгээр л ажлаа тараад явж байсан залуучууд ч байна. Тайван жагсаж байхад нь ч хүч хэрэглээд аваад явсан нь ч байна. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол ховор л харагдаж байна. Бид ямар нэг гэрээ хийж өмгөөлөхөөр ирээгүй. Сайн дураараа ирсэн.