Улсын хэмжээнд ирэх тавдугаар сарын 1-нээс иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхэлнэ. Эрүүл мэндийн даатгалаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тусламж, үйлчилгээний нэр төрөл болон насны бүлгийг энэ жилээс эхлэн нэмж буй. Өмнө нь 18-аас дээш насныхныг дөрвөн насны бүлэгт хувааж, эрт илрүүлгийн багц тусламж үзүүлдэг байсан бол энэ оноос 0-17 насны хүүхдүүдийг насны онцлогт тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм.
Бага насны хүүхдүүдэд хүнд өвчин оношлогдох нь нэмэгдэж буй тул хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болсон байна. Мөн хүүхдийг эхийнхээ хэвлийд ураг байхад нь оношлох тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулжээ.
Өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн хүрээнд 18 төрлийн үзлэг, оношилгоо хийдэг байсан бол 2022 онд 30 нэр төрлийн үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалаар хийлгэх жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан байна.
Энэ ажилд Улсын төсвөөс 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрт илрүүлгэд жилд нэг хүнд дунджаар 60 мянган төгрөг төсөвлөсөн байна.
Эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй явсаар өвдвөл нэг хүнд 11.2-12.3 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч, эдийн засагт дарамт учрах тооцоо бий. Тиймээс аль болох иргэн бүр эрт илрүүлэгт хамрагдах нь зүйтэй юм.
Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлэхдээ “Хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн салбар ямар чухал вэ гэдгийг цар тахлын үед дэлхий даяараа харлаа. Тиймээс Засгийн газраас 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарт урд өмнө нь байгаагүй хэмжээний 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталж, тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаар тусгасан. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү цаг үед байсан ч салбарын шинэчлэлтийн ажлууд тогтмол хийгдэж байсан. ХӨСҮТ-д гэхэд вакцин, биобэлдмэлийн төв агуулахыг гурван сарын дотор барьж, BSL гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ашиглалтад оруулж, мөн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус төв олон барилгатай ба цаашдаа ч засч, шинээр барихаар 2022 оны төсөвт их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд засварууд энэ ондоо ч үргэлжилнэ.
Мөн бүсийн оношилгооны төвүүдийг ангографикийн аппарат, дижитал рентген аппаратаар хангалаа. Бүх аймаг PCR лабораторитой боллоо. Амьсгалын аппаратын хүрэлцээг улсын хэмжээнд бүрэн шийдсэн.
Түүнчлэн тавдугаар сараас улсын хэмжээнд иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажлын хүрээнд орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвүүд байгуулж байна" гэсэн юм.