Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр эхэлж, нүүрлээд байгаа эдийн засгийн асуудлаа шийдвэрлэхээр "томчууд” чуулж буй. Тэгвэл ордны гадна талхныхаа үнийг дийлэхэд хэцүү болсон иргэд “Монголдоо сайхан амьдармаар байна” уриан доор жагсаж байна.
Дэлхий нийтэд эдийн засгийн асуудал нүүрлээд буйг мэргэжилтнүүд хэлж байгаа ч манайх шиг идэх хоолоо дийлэхгүйд хүрээд, залуучууд нь эх орноосоо “зайлмаар” байна гэх байдалд хүрсэн улс ховор. Хоёр хөрш орноосоо эдийн засгийн хувьд хараат байдаг. Ийм байдалд хүргэсэн хэсэг бүлэг “томчуудын” балгаар өнөөдөр дээдэх нь суудлаа олох гээд арга ядах. Доодох нь гүйдлээ олох гээд барахгүй хүндхэн дүр зураг бий болоод байгаа нь энэ. Ерөнхий сайд нь хүртэл, “Бид хоригийн хоригт орчихлоо. Адаглаад мах, гурил, шатахуунтай байя. Бүх барааны үнийг төр хянаж чадахгүй. Амаргүй үед Засгийн газар маш тодорхой байр суурьтай байх ёстой. Улс төр болох вий хэмээн болгоомжилж, эс үйлдэхүй хийх нь буруу” гэж мэдэгдсэн юм.
Эдийн засгийн чуулган жил бүр асуудлаа давъя хөгжье гэсэн агуулгын хүрээнд болдог. Иргэд мөн л жил бүр амьдрал хэцүү байгаа талаар ярьдаг. Гэсэн ч энэ удаагийн жагсаал ард түмний амьдрал тартагтаа тулсныг, үнэхээр хэцүү байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл урд урдын жилүүдэд юмны үнэ өслөө, туйлдаж байна гээд ард түмэн жагсаж байсан удаагүй.
Ийм үед чуулж байгаа асуудал, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөрүүд биелэлээ олж, үр дүнгээ үзүүлэх үү. Өргөс авсан мэт хэвийн болох асуудал биш ч зөв бодлого, зөв шийдвэрээр манай удирдлагууд үр дүн харуулах үүрэгтэй.
Ташрамд, Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулна. "Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.