АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен ОХУ-ын Зүүн Европ дахь түрэмгийлэл нь "Украин болон бусад орнуудад эдийн засгийн асар их сөрөг үр дагаварт хүргэх болно" гэж анхааруулж, Ерөнхийлөгч Жо Байден Оросыг Их 20-ийн томоохон эдийн засгийн форумаас гаргахыг хүсч байгаа гэж мэдэгдлээ.
Лхагва гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Санхүүгийн үйлчилгээний хорооны сонсгол дээр хэлсэн түүний үг нь 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг, бодлогын тэргүүлэх форум болсон G20-ийн ирээдүйд шууд хамааралтай гэхэд болно.
Йеллен “Ерөнхийлөгч Байден тодорхой хэлсэн. Би түүнтэй санал нэг байна. ОХУ-ын хувьд аль ч санхүүгийн байгууллагад хэвийн оролцох боломжгүй гэдгийг тодорхой хэлсэн. "Ерөнхийлөгч Оросыг Их 20-иос гаргахыг хүссэн, хэрэв Оросууд тэнд байгаа бол бид зарим уулзалтад оролцохгүй гэдгээ Индонез дахь мэргэжил нэгт нөхөддөө ойлгуулсан" гэж Йеллен хэлжээ.
"Их 20"-ийн гишүүн сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгч нар дөрөвдүгээр сарын сүүлээр Олон улсын валютын сан, Дэлхийн банкны уулзалтын хүрээнд Вашингтонд биечлэн уулзахаар төлөвлөж байна. Индонез улс энэ жил Их 20-ийг даргалж байгаа бөгөөд долоодугаар сард санхүүгийн уулзалт, 11-р сард удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Байдены засаг захиргаа Ерөнхийлөгч Владимир Путины насанд хүрсэн хоёр охины эсрэг шинэ хориг арга хэмжээ авах, Украинд "дайны гэмт хэрэг" үйлдсэнийхээ хариуд Оросын банкуудын эсрэг шийтгэлийг чангатгаж буйгаа зарласантай холбогдуулан дээрх тайлбарыг хийсэн юм.
АНУ болон барууны холбоотнууд дайны эхний долоо хоногт Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байсан бөгөөд сүүлийн өдрүүдэд засаг захиргааны албан тушаалтнууд Оросуудын ашиглаж болзошгүй цоорхойг хаахад илүү анхаарч байгаа аж.
Эх сурвалж: Aljazeera