Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Сүндий нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг энэ сарын 6-ны өдөр хэлэлцлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд "Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
Эргэн сануулахад, "Нэт капитал" ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий гэр бүлийн хүнийхээ биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр цагдаагийн байгууллагад 2019 онд шалгагдаж байсан. Шалгалтын явцад цагдаагийн алба хаагчид хахууль өгөх замаар өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Сүндийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял оноосон юм.
Мөн хахуулийн хэрэгт холбогдсон Д.Баттөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Даваажавыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар, шүүгдэгч Т.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн билээ.