УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.
Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд танилцууллаа. Монгол Улс цар тахлын шар түвшинд шилжиж, гадаадын жуулчдад нээлттэй улс болсноо зарлаж, алхам алхмаар эдийн засгаа нээн энгийн амьдалд шилжиж байгаагаа мэдэгдэж байснаа эргэн сануулав. Харамсалтай нь, түүнээс 10 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нөөс ОХУ, Украины хооронд хурцадмал байдал үүссэн. Сүүлийн 10 гаруй хоногт дэлхийн нийт хүн амын хэрэглээний 41-50 хувийг эзэлдэг улаанбуудайн үнэ 45-50 хувь нэмэгдсэн. НҮБ-ын тооцоогоор, дэлхийд хүнсний хомсдол үүсэж, энэ байдал даамжирвал 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэж дүгнэжээ. Иймд эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Шинэ сэргэлтийн бодлогыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Энэхүү хуулийг баталснаар, Засгийн газар мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, дээрх чиглэлийн аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр олгох боломжтой болох аж. Мөн Монголбанкны валютын нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий болгож, мөнгө, сангийн бодлогыг уялдуулан хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой асуудлыг Засгийн газар зохицуулна. Түүнчлэн гадаад валютын улсын нөөцийг нэмэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондонгийн биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодоос алт худалдан авах зэрэг хямралын мөчлөгийг сөрж, шуурхай ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан 30 орчим гишүүн асуулт асууж байна.