Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
"Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг гаргасан талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ.
Тэрбээр "Хөшгийн Хөндий дэх Шинэ Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг баталлаа. 2019 онд ЗГ шинэ онгоцны буудлыг дагаж аэро-сити төлөвлөлтийг баталсан. Түүнээс хойш 2020 онд орон нутгийн зэрэглэлтэй Шинэ Зуунмод Майдар хотыг байгуулах шийдвэр гаргасан. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар дээрхийг нэгтгэсэн төлөвлөгөөг баталлаа.
Эхний үед барилгажилт, инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаан, цэвэрлэх байгууламж, холбоо мэдээлэл, үерийн далангийн ажлын зургийг хийгээд дууссан. Үүнд урьдчилсан байдлаар нийт 500 тэрбум орчим төгрөгийг төсөвлөсөн. Энэ жил ЗГ-аас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад төсөвлөсөн. Мөн үүнтэй холбоотойгоор авто зам, тээврийн сүлжээнүүдийн дахин хэсэгчилсэн төлөвлөлтийг хийнэ. Түүнээс гадна газар чөлөөлөлт, засаг захиргааны нэгжийг тодорхойлох шаардлага гарна. Эдийн засгийн чөлөөт бүсийг ажлын байр, дэд бүтэцтэй хэрхэн холбох вэ гэдгийг тодорхойлно" гэлээ.