Иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаалын үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгаж, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг шалгаж байна хэмээн Тагнуулын байгууллагаас мэдээлсэн.
Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын таван иргэнийг саатуулан шалгаж буй юм. Тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай зэвсгүүд илэрсэн байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Б.Баасанцогтыг сэжигтнээр баривчилсан.