Монгол Улсын Ерөнхийлөгч "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргажээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж байна.
Манай улсад согтууруулах ундааны шалтгаант хүн амины хэрэг өндөр хувьтай байна. Жил ирэх тусам согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг, зөрчил нэмэгдээд байгааг судлахад манай улсад барьж байгаа бодлоготой холбоотой байна гэж Ерөнхийлөгчийн зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан хэллээ.
Тэрээр "Согтууруулах ундааны хэрэглээг зүй зохистой болгодог хамгийн үр дүнтэй арга бол татварын бодлого байдаг. Манай улсад онцгой албан татвар 38-40 градусын согтууруулах ундаа нь 26 градустай согтууруулах ундаанд ногдож байгаа татвартай ижил байна. Энэ нь жилд 2-300 төгрөгөөр нэмэгдэж ирсэн. 25-40 градусын согтууруулах ундааны татвар нь 6960 төгрөг. Төдийлөн хэрэглээд байдаггүй 40 градусаас дээш градустай согтууруулах ундааны татвар үүнээс 2,4 дахин өндөр байна. Манай улсад 90 мянга орчим хүн архинд донтсон. Жил ирэх тусам архинаас улбаатай гэмт хэрэг, зөрчил, эрүүл мэндийн өвчлөл нэмэгдэж байна. 38-40 градусын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүмүүс хамгийн их гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдаг. Архины зохисгүй хэрэглээг бууруулах үндсэн 10 төрлийн арга бий. Энэ төрлийн хэрэглээг багасгахад залуусын цаг завыг зөв өнгөрүүлэх боломжоор хангая.
38-40 градусын согтууруулах ундаа нь хүний эрүүл мэндийг асар ихээр хохироож, өвчлөлийн эх үүсвэр болдог. Архины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүний эсрэг цогц бодлого ерөөсөө хэрэгжүүлж байгаагүй юм байна. Тиймээс ирээдүйн 10 жилийг олж харсан арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэйг судалгааны үр дүн харуулж байгаа юм" гэлээ.