Олон нийтийн сүлжээгээр цацсан мэдээлэлдээ “эмэгтэйчүүдийн хөл эрчүүдийнхээс тав дахин муухай үнэртдэг” гэсэн Procter&Gamble компани уучлалт гуйлаа.
Хятадын WeChat платформ дээр нийтэлсэн анхны бичлэгийг олон нийтийн сүлжээ хэрэглэгчид шүүмжилж эхэлсний дараа тэд бичлэгээ устгасан юм.
Америкийн өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэлийн “аварга” компани болох Procter&Gamble-ийн уг мэдээллийн талаар South China Morning Post-д "Эмэгтэйчүүдийн хөл эрчүүдийнхээс тав дахин муухай үнэртдэг. Хэрэв та итгэхгүй байгаа бол үнэртээрэй" гэсэн байсан юм.
Хятадын твиттер маягийн Weibo платформ дээр "P&G эмэгтэйчүүдийг доромжилсон хэрэгт буруутгагдаж байна" гэсэн хаштаг бүхий 30 сая пост байгаа аж.
Хэрэглэгчдийн хүчтэй шүүмжлэлд өртсөн P&G-ийнхэн цацсан нийтлэлдээ уучлалт гуйсан ч хэрэглэгчдийн бухимдал, шүүмжлэл намдахгүй байгаа төдийгүй тэднийг бойкотлоно гэсэн байр сууриа өөрчлөхгүй гэх хэрэглэгчдийн хандлага хэвээр байна.
Эх сурвалж: Business Insider